Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон нийтээр тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Энэ жилийн баярыг угтан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран “Үндэсний бичиг үсэг – Төрийн албанд” нэртэй үзэсгэлэнг олон нийтэд толилуулж, өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ.
Монгол хэл бичиг бол монгол үндэстний соёлын үнэт өв төдийгүй улс орны нэгдмэл байдал, тусгаар тогтнолын баталгаа бөгөөд түүхэн цаг хугацааны олон сорилтыг даван туулж, уламжлал ба орчин үеийн гүүр болон оршсоор ирсэн билээ. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь монгол хэл, бичгийн үнэ цэнийг олон нийтэд ойлгуулж, түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ССАЖЗЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн үг хэлж, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтөлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн цэцээс эхлээд 4000 гаруй байгууллага энэхүү шаардлагыг хэрэгжүүлж буйг онцлон дурдав. Мөн тэрээр Хүйн толгойн бичээсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэсэн сайхан мэдээг хүргэв.
Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш Ц.Өнөрбаян нар сэтгэгдлээ хуваалцсан бол ШУА-ийн дэд ерөнхийлөгч академич Ц.Цэрэндорж, Ардын уран зохиолч Д.Урианхай болон хэл бичиг, урлаг, спортын салбарын олон алдартнууд оролцов.
Мөн энэ үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг багтаасан “Монгол хэл, бичиг: бодлого, хөтөлбөр, хэрэгжилт” нэртэй номыг танилцуулж, хүрэлцэн ирсэн зочдод дээжийг нь гардууллаа.
Үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд идэвх зүтгэлтэй ажилласан иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийг уламжлал ёсоор “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр шагнаж урамшуулсан юм.
“Үндэсний бичиг үсэг–Төрийн албанд” үзэсгэлэн тавдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүйгээр нээлттэй байх бөгөөд сонирхсон хүн бүр үзэж сонирхох боломжтой.