Олон улсын гурван кино наадмаас нэг дор өндөр үнэлгээ хүртэв
Соёлын гавьяат зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Уяачдын холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэний “Дэлхийн морьтнууд” төсөл олон улсын кино наадмуудаас шилдэг бүтээлүүдийн шагнал хүртжээ. Тодруулбал, “Equus film fest”-аас “Шилдгийн шилдэг бүтээл”-ээр, “Latitude film award”-аас “Онцгой бүтээл”, “Lookout wild film award”-аас мөн “Онцгой бүтээл”-ийн шагналыг тус тус авсан байна.
Ю.Үнэнбүрэн: Баримтат киног хийх болсон шалтгаанаа тайлбарлав
Тэрээр уг амжилтынхаа талаар цахим хуудсандаа өөрийн бодол, бүтээлийн зорилго, мөн морьтой холбоотой ойлголтоо дэлгэрэнгүй бичжээ. Түүний нийтлэлд монгол морины онцгой чадамж, нүүдэлчин ахуйгаас алсарсан шинэ үеийнхэнд тэр үнэ цэнийг мэдрүүлэх хүсэл, мөн бүтээл туурвих явцдаа олж харсан ухаарал зэрэг олон санаа багтсан байна.
“Бидний дунд амнаас ам дамжин яригдаж хол ойрын хүний чихийг мялаасан гүйгүүл морьдын тухай хуучлах өвгөд хөгшид мундахгүй олон. Хэдий ийм авч монгол морины онцгой нэгэн чадвар, байгалийн энэхүү чадамжийг шинэ үеийн нүүдэлчин ахуйгаас алсарсан хүүхэд залуучуудад ойлгуулах үнэ цэнийг мэдрүүлэх үүргийг хэн ч надад тулгаагүй ч хийх ёстой гэсэн сэтгэлийн дуудлагаар энэ баримтат киног бүтээсэн билээ. Монгол гэдэг баян орон. Дуусаж дундаршгүй түүх соёлын өлгий морьтон баатруудын дэвжээ болсон хөндий талуудтай. Морь гэдэг газар тэнгэрийн дунд дүүлэх энэхүү бодгалийг унаж эдэлж уралдуулж цэнгэхээс цаашхыг мэдэхгүй би гэдэг хүн гал хүрэн , голомт хээр хоёрыг сар гаран дагаж явахдаа ихийг ухаарсан юм . Зүг чигийн баримжаа , адуунуудын хоорондын харилцаа, туслах нинжин сэтгэл , газар эхийн түрлэгийг онцгой мэдэрч анд нөхөртөө үнэнч байгаа зэргийг харахад “би ч адуу мэдэх болоогүй байна да” гэж л шивнэж явлаа. Монгол гэдэг мөнх тэнгэрийн орон, дагшин сахиустай сүнслэг орон. Харин адууны хувьд амь тэнсэн очих ёстой эцсийн цэг . Хамгийн эх оронч баатар гэвэл одон медальтай цэргээс илүү би монгол морьдоо л хэлэх сэн. Үг хэлээрээ онгирч , сайрхахгүй ч үйлдлээрээ монгол морьд монголын төлөө үй олноороо үхэж бас зүтгэлийн дээдийг өргөсөн, өргөсөөр ч байна.
“Гайхамшигт монгол адуу” (2022) баримтат бүтээл маань энгийн хоёр хүлэг эх нутгаа зорин элдэв адал явдалтай учирч байгаа ч монгол түмнийгээ сэрээн сэхээрүүлж эх орны үнэ цэнийг мориор дамжуулан хүргэх гэсэн анхны минь санаа.
Удаах бүтээл аваас “Дэлхийг тамгалсан монгол адуу” (2024) мөн л монгол гэсэн тодотголтой зүйл бүр тэсвэр хатуужил, эх нутгийн дуудлагаар дүүрэн хөглөн байдгийг ахин харуулсан.
Үүний дараа “Нутаг гүйсэн Монгол адуу” (2025) бүтээл гарч түмэн олонд ахин нэг удаа адуу гэдэг гайхаж баршгүй ертөнц гэдгийг харуулсан.
Одоо улбаалаад Вьетнамаас гүйж ирсэн адууны түүхийн мөрөөр гурван улс дамнасан кино бүтээл төрөн гарахад тун дөхөөд байна.
Энэ бүтээлүүд минь эхнээсээ олон улсын кино наадмаас гурван шагнал хүртээд байна. Монгол морь дэлхийн олон орноо гайхагдаж байгаад туйлын сэтгэл хангалуун байна”
2022–2025 оны бүтээлүүд үргэлжилж, дараагийн төсөл гурван улсыг дамнахаар ойртож байна
Түүний бичсэнээр, 2022 онд “Гайхамшигт монгол адуу” баримтат бүтээлээр эхэлсэн санаа нь дараагийн жилүүдэд үргэлжилж, 2024 оны “Дэлхийг тамгалсан монгол адуу”, 2025 оны “Нутаг гүйсэн Монгол адуу” зэрэг бүтээлүүдээр өргөжсөн байна. Мөн Вьетнамаас гүйж ирсэн адууны түүхийг мөрдөх, гурван улс дамнасан шинэ кино төсөл төрөхөд ойрхон байгаагаа дурджээ. Энэ цуврал бүтээлүүд олон улсын наадмуудаас шагнал хүртэж эхэлсэн нь монгол адууны тухай өгүүлэмж дэлхийн үзэгчдэд хүрч буйг илтгэж байна.