Румын яагаад Дракулагийн өлгий нутаг гэж яригддаг вэ
Румын улсыг домогт Дракулагийн төрсөн нутаг хэмээн олон нийт өргөнөөр нэрлэдэг. Тэгвэл тус улс энэ домгийг аялал жуулчлалын ертөнцөд бүрэн ашиглаж, Дракула сэдэвт цогц парктай болохоор болж байна. “Bloody Disgusting” мэдээллийн хуудсанд мэдээлснээр дэлхийн хамгийн анхны Дракула сэдэвт парк Бухарест хотын ойролцоо удахгүй нээгдэхээр төлөвлөгджээ.
“Dracula Land” ямар хэмжээний төсөл вэ?
Тус парк нийт 777 мянган метр квадрат талбайг хамрах бөгөөд дотроо зургаан хэсэгтэй, 40 гаруй төрлийн тоглоом, үзвэрийн шийдэлтэйгээр зураглагдсан байна. Төсөл нь Дракулагийн домог, готик уур амьсгал, аймшгийн сэдэвтэй орчныг бодитоор мэдрүүлэхэд чиглэжээ.
Зургаан хэсгийн зохиомж ямар байх вэ
Паркийн “Transylvania” хэсэгт галзуу хулгана, ой мод, эртний тосгон бүхий зохиомжийг нэг дор бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. “Dracula’s Castle” нь эвдэрч нурсан мэт дүрслэлтэй балгас, төөрдөг байшин, нуур, сарьсан багваахайтай орчин зэргээр “цайзын” аймшгийн өнгө аясыг тодруулах аж. “The Family Kingdom” хэсэг нь ер бусын амьтад, домгийн дүрүүдийг онцлон харуулах чиглэлтэй гэж мэдээлжээ.
Мөн “London Town” хэсэгт цус сорогч агнах сэдэвтэй саадтай тоглоом, хөлөг онгоцны аялал, морин тэрэгний зам зэрэг зохиомж багтсан байна. Харин “Port of New Orleans” нь галзуу хулгана болон бусад тоглоомуудаар баяжих төлөвтэйгөөр танилцуулагджээ.
Зөвхөн тоглоомоор хязгаарлахгүй дэд бүтэц
Тус паркт тоглолт, спортын тэмцээн зохион байгуулах зориулалттай 22500 суудал бүхий талбай төлөвлөгдсөн байна. Үүн дээр нэмээд нийт 1200 өрөөтэй гурван зочид буудал, усан парк, тансаг дэлгүүрүүд, мэргэжлийн уралдааны тойрог, технологийн төвийг багтаахаар тусгасан гэж мэдээлжээ. Технологийн төвийн хувьд гарааны бизнесүүдэд зориулсан 1000 гаруй ажлын байртай байх аж.
Барилгын эхлэл ба ашиглалтад орох тов
“Dracula Land” төслийн бүтээн байгуулалт энэ оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд 2027 оны эхэн үеэр ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.

