Нүүр хуудас КиноХонконг “Deadline” киног хориглолоо: Киви Чоу шийдвэрийг шударга бус гэв

Хонконг “Deadline” киног хориглолоо: Киви Чоу шийдвэрийг шударга бус гэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Лиценз олгохоос татгалзсанаар олон нийтэд үзүүлэх боломж хаагдав

Хонконгийн эрх баригчид найруулагч Киви Чоугийн “Deadline” киног олон нийтэд үзүүлэхийг хориглож, уг бүтээл нь “үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж мэдэгдсэн байна. Найруулагч Чоу өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан кино үзвэрт лиценз олгодог албан байгууллагаас уг бүтээлд үзвэрийн лиценз олгохгүй гэдгийг мэдэгдсэн талаар мэдээлжээ. Түүний хэлснээр, кино, сонин, нийтлэлийн удирдах газар (Office for Film, Newspaper and Article Administration) “Deadline” киног дөрвөн сарын турш хяналтад оруулсны дараа ийм шийдвэр гаргасан бөгөөд үүгээрээ Хонконгийн кино театрууд болон бусад олон нийтийн орчинд хууль ёсоор үзүүлэх боломжийг бүрэн хааж байгаа юм.

“Үндэсний аюулгүй байдал”-ын хууль, торгууль ба хорих ялын эрсдэл

Чоу Хятадаар бичиж, англиар орчуулагдсан мэдэгдэлдээ 2020 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд тулгуурласан уг шийдвэрийг “утгагүй, хэтрүүлсэн, бүдүүлэг, шударга бус” гэж тодорхойлжээ. Мөн тэрээр зөвшөөрөлгүйгээр киногоо үзүүлбэл 1 сая хонконг ам.доллар хүртэл торгууль төлөхөөс гадна гурван жил хүртэл хорих ял авах эрсдэлтэйг онцолсон байна.

Давж заалдах тухай эргэлзээ, уран бүтээлээ үргэлжлүүлэх байр суурь

Давж заалдах боломжийн талаар хуульчтай ярилцсан ч “Шүүх засаглал нуран унасан энэ үед Засгийн газрыг шүүхэд өгөх нь үр дүн багатай” гэсэн хариу сонссон гэж Чоу бичжээ. “Хэрвээ би заргалдаад ялагдвал, Засгийн газар надаас нэг сая гаруй ам.долларын шүүхийн зардлыг нэхэмжилж магадгүй” гэж Киви Чоу хэлсэн байна.

Тэрээр мөн “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонконгт “гамшиг” авчирсан бөгөөд энэ бол түүний бас нэг жишээ. Анх арилжааны зориулалттай кино байсан бүтээл маань албадлагаар төрийн үйл явдал болон хувирч, үндэсний аюулгүй байдалд нийцэхгүй кино хэмээн дүгнэгдлээ. Кино маань Хонконгт үзүүлэх боломжгүй болсон бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байна” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Гэсэн ч найруулагч цаашид кино уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж, өөрийн төрж өссөн Хонконгт нэг өдөр “Deadline” киногоо үзүүлэхийг хүсэж байгаагаа хэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх