“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-нд төв талбайд зохион байгуулахтай холбоотойгоор иргэдэд зориулсан “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ. Маркетын хүрээнд зураг даруулах хэсэг, энтертаймэнт орчин бүхий худалдаа, үйлчилгээний асар, түргэн хоолны үйлчилгээ зэргийг нэг дор төвлөрүүлжээ.
Асрын гадна стрийт фүүд, дотор нь шинэ жилийн худалдаа, халуун ундаа
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр асрын гадна талбайд стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жилийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна.
Орой бүр 18:00–19:00 цагт урлагийн тоглолттой
“Крисмасс маркет”-ын хөтөлбөрийн нэг хэсэг болгон өдөр бүр 18:00–19:00 цагийн хооронд урлагийн тоглолт зохион байгуулж, шинэ жилийн уур амьсгалыг мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломж бүрдүүлж буй аж. Маркет өдөр бүр 11:00–21:00 цагийн хооронд ажиллана гэж мэдээллээ.