Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн Marvel болон Диснейн хамтын бүтээл болох “Thunderbolts” кино нь нээлтийн долоо хоногтоо олон улсын хэмжээнд нийт 162 сая ам.долларын орлого олж, кино театрын орлогоороо тэргүүлээд байна. Уг кино нь дэлхий ертөнцийг аюулаас аврахын төлөө нэгдэж буй, өмнө нь Марвелын кинонуудаас танигдаагүй туслах дүрүүдийн талаар өгүүлдэг.
Киноны гол дүрүүдэд жүжигчин Флоренс Пью (Елена Белова), Себастьян Стэн (Баки Барнес/Өвлийн цэрэг), Дэвид Харбор (Улаан хамгаалагч), Жулиа Луис-Дрейфус (Валентина Аллегра де Фонтэн), Уайт Рассел (АНУ-ын агент), Ольга Куриленко (Таскмастер), Ханна Жон-Камен (Ава Старр/Сүнс) нар тогложээ.
“Thunderbolts” нь “Avengers: Endgame” кино гарснаас хойш үзэгчдийг татах чадвараа алдсан Марвелын бүтээлүүд дундаас хамгийн өндөр үнэлгээ авч буй киноны нэг болжээ. Кино шүүмжийн вебсайт болох Rotten Tomatoes дээр “Thunderbolts” кино 95%-ийн үзэгчдийн үнэлгээ авсан байна. Энэ кино нь “Шанг-Чи ба арван бөгжний домог” болон “Хүн-аалз: Харих зам үгүй” кинонуудтай ижил өндөр үнэлгээ авсан гурав дахь кино болж байна.
Шүүмжлэгчид уг киног өнгөрсөн жил өндөр амжилт үзүүлсэн “Deadpool & Wolverine” кинотой адил гол бус, туслах дүрүүдийг илүү тодруулан харуулсан бүтээл гэж онцолжээ.
Мөн “Thunderbolts” кино нь ирэх жил нээлтээ хийх “Avengers: Doomsday” киноны урьтал болж байгаа бөгөөд уг киноны дараа “The Fantastic Four: First Steps” хэмээх Марвелын дараагийн шинэ бүтээл нээлтээ хийхээр хүлээгдэж байна. Энэ кино 7-р сард нээгдэхээр төлөвлөжээ.