“Шар гэгээ”-гийн дараах хамгийн их хүлээлттэй шинэ бүтээл
Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөдөлгөж, олон сарын турш хамгийн өндөр үзэлттэй уран бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж байсан кино бол “Шар гэгээ”. Тэгвэл олны дунд “Шар гэгээ 2” гэх хүлээлт үүсгээд буй “Аранжин пикчерс”-ын дараагийн томоохон уран бүтээл “Задлаагүй захиа” кино нь кино сонирхогчдын дунд аль хэдийн анхаарлын төвд орж, өндөр хүлээлт үүсгэсэн бүтээлээр нэрлэгдэх болсон байна.
Зохиолын эх сурвалж, багийн бүрэлдэхүүн
“Шар гэгээ”-гийн найруулагч Б.Батдэлгэр шинэ уран бүтээлийнхээ зохиолыг Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэн бүтээжээ. Харин “Задлаагүй захиа” киноны ард салбартаа тэргүүлэгч уран бүтээлчид нэгджээ.
Продюсер ба дууны найруулга
Киноны продюсероор “Сорил”, “Бүүвэй”, “Нусан багаяа”, “Шар гэгээ”, “Должи ажиллагаа”, “Татар” зэрэг бүтээлүүдэд продюсероор ажилласан Тодгий буюу Л.Цэрэнтогтох ажилласан байна. Түүнийг уран бүтээлийн хүрээнд зөвхөн продюсер төдийгүй мэргэжлийн дууны найруулагчаар нь урлагийнхан сайн мэднэ. Тэрээр “Нийслэл хүүхэн ОАК”, “Зура 2, 3”, “Төрийн дайсан”, “Сайн уу амьдрал минь”, “Фракц 2,3”, “In da house”, “Хохирогч ОАК”, “Хурд-Бүсгүй” зэрэг 100 гаруй киноны дууны найруулгыг хийсэн бол “Задлаагүй захиа” кинонд энэ хоёр үүргийг давхар хариуцан ажиллаж байгаа аж.
Ерөнхий зураглаачийн баг, дүрслэлийн өнгө төрх
Тус киноны ерөнхий зураглаачаар Монголын кино урлагт зургийн найруулагчийн ур чадвараараа шилдгүүдийн тоонд зүй ёсоор ордог Г.Гүенбаатар ажиллажээ. Түүний “Маш нууц”, “Байтаг Богд”, “Тэнгэрээс буусан од”, “Халуун зүрх”, “Зура I,II III”, “Шар гэгээ”, “Татар” зэрэг олон бүтээлд ажилласан туршлага нь энэ удаагийн киноны дүрслэлд мөн тусах хүлээлттэй байна.
Зураач, хөгжмийн шийдэл
“Задлаагүй захиа” киноны гол уран бүтээлчдийн нэг болох зураачаар “Зүрхний хилэн”, “Ану хатан”, “Содура”, “Хар сувдны нууц”, “Солиот эх”, “37-р точка” зэрэг кинон дээр ажилласан Н.Болор-Эрдэнэ ажилласан байна. Харин хөгжмийг “Шар гэгээ”, “Мөрч”, “Бүүвэй”, “Эцэг”, “Надад ирээгүй хайр” киноны хөгжмөөр үзэгчдийн сэтгэлд үлдсэн Б.Санчир зохиожээ.
Дүрүүд ба онцлох жүжигчдийн бүрэлдэхүүн
Б.Батдэлгэр найруулагчийн онцлох бүтээлүүдийн нэг болно гэх хүлээлт үүсгээд буй “Задлаагүй захиа” кинонд Ардын жүжигчин, Гавьяат жүжигчдээс эхлээд олонд төдийлөн танигдаагүй орон нутгийн театрын уран бүтээлчид хүртэл оролцсон бөгөөд кино багийнхан цоо шинэ дүр төрхийг түлхүү гаргахыг зорьсон гэдгээ онцолж байв.
Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин У.Батбаатар, Г.Золбоот, М.Дорждагва нарын бүтээсэн дүрүүдийн нэг сонирхол татах онцлог нь 40 жилийн өмнө театрын тайзнаа амилуулж байсан дүрээ 40 жилийн дараа дэлгэцийн бүтээлд дахин бүтээж буй явдал хэмээн дурджээ.
Хэзээ, хаана үзэх вэ
“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино нэгдүгээр сарын 15-наас эхлэн кинотеатруудын дэлгэцнээ гарна. Мөн Эрдэнэт хотын үзэгчид уг киног нэгдүгээр сарын 15-наас эхлэн Өргөө кино театрт үзэх боломжтой байна.