Нүүр хуудас Үйл явдал ба зарМоцартын хамгийн сүүлийн “Увдист лимбэ” дуурь энэ сарын 24, 25-нд тоглоно

Моцартын хамгийн сүүлийн “Увдист лимбэ” дуурь энэ сарын 24, 25-нд тоглоно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл хэмээн нэрлэгддэг “Увдист лимбэ” дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 24, 25-нд 17:00 цагаас толилуулах гэж байна.

Зохиолын эх сурвалж, санааны гүн утга

Дуурийн зохиолын сэдвийг Австрийн урлаг, нийгмийн нэрт зүтгэлтэн Э.Шиканедер К.Виландагийн 1786-1789 онд хэвлэгдэн гарсан “Жинистан буюу сайхан сэтгэлт хатагтай ба сүнснүүд” хэмээх уран зөгнөлт туульсын түүврээс авч, тухайн цаг үеийн ардын шидэт аман зохиолтой уялдуулан бүтээсэн гэдэг. Цомнол анхнаасаа герман хэл дээр бичигдсэн бөгөөд үйл явдал, дүрүүд нь нууцлаг ертөнцийг эрэгцүүлсэн өнгө аяс, уран сэтгэмжийн аргаар дүрслэгдсэнээрээ онцлогтой.

Үлгэрийн гэмээр гэнэн атлаа сонирхол татахуйц сэдвийг Моцарт хөгжүүлж, хүний зан араншин, ёс суртахууны асуудлыг хөндсөн философийн эргэцүүлэл болгон хөгжмийн хэлээр гүнзгийрүүлсэн гэж тайлбарладаг. Иймээс “Увдист лимбэ” нь зөвхөн үлгэрийн ертөнцөөр аялуулах бус, дүр бүрийн сонголт, шалгалт, үнэний тухай давхар өгүүлэмжтэй бүтээл хэмээн үздэг.

Анхны тоглолт, Монгол дахь тайзнаа амилсан түүх

Хоёр бүлэг, арван нэгэн үзэгдэлт “Увдист лимбэ” дуурь 1791 оны есдүгээр сарын 30-нд Вена хотын “Ауф дер Виден” театрт анх тоглогдсон бөгөөд түүнээс хоёр сарын дараа В.А.Моцарт тэнгэрт хальсан түүхтэй. Харин Монгол Улсад 1993 онд УДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар анх найруулан тавьжээ.

Энэхүү дуурь нь Австрийн үндэсний уламжлалт хөгжмийн театрын “зиншпиль” төрөлд хамаардаг бөгөөд энэ хэлбэрийн эх үндэс Моцартын уран бүтээлтэй холбогддог гэж дурддаг. Монголын тайзнаа тавихдаа хөгжимчид, дуучдын мэргэжлийн ур чадварыг шаардсан хөгжмийн техникийн боломжийг Моцартын шаардлагын дагуу хадгалж үлдэхийн зэрэгцээ тайз, декораци, хувцас чимэглэл, тавилтыг монгол хэлбэр шийдлээр хийсэн нь тухайн үедээ олны анхаарал татаж, шуугиан дагуулж байсан гэдэг. Үүнийг Моцартын эх орны уран бүтээлчид ч сайнаар хүлээн авч, Азийн уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогийг онцлон тэмдэглэж байсан тухай түүхэн дурдатгал бий.

2000 оноос найруулагч Г.Эрдэнэбаатар эл дуурийг дахин шинэчилж тавихаар шийдэн, “Монголын дуурийг дэмжих Германы анд нөхдийн холбоо”-той хамтран үзэгчдэд дахин хүргэж эхэлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх