Наадмын хугацаа, зохион байгуулагч байгууллагууд
Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам 2026”-ыг нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1 хүртэл “Скай резорт” цанын баазад зохион байгуулахаар мэдээллээ.
14 дэх жилдээ: аялал жуулчлал, өв соёлыг сурталчлах зорилготой
Тус арга хэмжээг тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжих, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, иргэдийн амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломжийг нэмэх зорилгоор 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Мөн ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлахын зэрэгцээ өвлийн экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих чиглэлтэй гэж тодотгов.
Тэмцээн, аварга шалгаруулахуудыг өргөн хүрээнд зохион байгуулна
Наадмын өдрүүдэд мөсөн сурын харвааны олон улсын аварга, мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болохоор төлөвлөгджээ. Түүнчлэн Улаанбаатар хотын снөүбоард, уулын шүхэр, цасны регби, уулын цана, кёрлингийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулна. Үүнээс гадна мөсөн хананд авиралтын сонирхогчдын болон гэр бүлийн буухиа, олс таталт, аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд “Гранд тур” тэмцээн болохоор байна.
Үзвэр үйлчилгээ, сонирхогчдод зориулсан хөтөлбөрүүд
Наадмын хүрээнд сонирхогчдод зориулсан шүхэр, монгол банхар, шувуулахуйн үзүүлбэрүүдийг толилуулахын зэрэгцээ хоол унд, цана, чарганы үйлчилгээ, мөн урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Оролцогчдын хүрээ: 21 аймаг, нийслэлээс гадна олон улс
Энэ удаагийн наадамд нийслэл болон 21 аймгаас 1000 гаруй баг тамирчин оролцох төлөвтэй. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казахстан, АНУ-аас монгол туургатны 50 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн гэж мэдээлэв.