98 дахь удаагийн Оскар ба шинэ рекордын эзэн
98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар гуравдугаар сарын 15-ны Ням гаригт болохоор товлогдсон нөхцөлд найруулагч Райан Куглерийн сүүлийн бүтээл болох “Sinners” кино урьдчилан түүх бичлээ.
Уг бүтээл нийт 16 төрөлд нэр дэвшиж, Оскарын түүхэн дэх хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кино болж рекорд тогтоосон байна. Үүнээс өмнө “All About Eve” (1950), “Titanic” (1997), “La La Land” (2016) зэрэг кино тус бүр 14 төрөлд нэр дэвшсэн нь дээд амжилт байв.
Түүхэн амжилтын талаарх яриа зөвхөн нэр дэвшил дээр зогсохгүй. 1959 оны “Ben-Hur”, 1997 оны “Titanic”, 2003 оны “The Lord of the Rings: The Return of the King” гэсэн гурван бүтээл тус бүр 11 “Оскар” хүртсэн нь өнөөг хүртэл эвдэгдээгүй рекордын эзэд хэвээр байна. Харин 1932 оны үйл явдлыг өгүүлсэн “Sinners” кино хэдэн “алтан хүн” гардаж авах вэ гэсэн хүлээлт кино шүүмжлэгчид, үзэгчдийн анхаарлын төвд байна.
Рют Картер, Пол Томас Андерсон, ДиКаприо, Чаламет
“Sinners” киноны хувцасны дизайн дээр ажилласан Рют Картер энэ удаад нэр дэвшсэнээрээ бас нэг түүхэн босго давлаа. Тэр Оскарт тав дахь удаагаа нэр дэвшиж буй бөгөөд өнгөт арьст эмэгтэй уран бүтээлчдийн дундаас хамгийн олон удаа өрсөлдсөн хүн болж байна.
Нөгөө талд найруулагч Пол Томас Андерсоны “One Battle After Another” бүтээл 13 төрөлд нэр дэвшжээ. Андерсон өмнө нь Оскарт 11 удаа нэр дэвшиж, нэг ч удаа шагнал авч байгаагүй. Энэ удаагийн наадмаар тэр шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эх зохиол гэсэн гол гурван ангилалд зэрэг нэр дэвшсэн нь Оскарт “хоосон” үлдэж ирсэн түүхээ өөрчлөх боломж гэдгээрээ анхаарал татаж байна.
Шилдэг эрэгтэй гол дүрийн ангилалд Леонардо ДиКаприо найм дахь удаагаа нэрээ дэвшүүллээ. Тэр 1994 онд “What’s Eating Gilbert Grape” киноны туслах дүрээрээ анх нэр дэвшиж, олон жил дамнан өрсөлдсөний эцэст 2016 онд л хүссэн “Оскар”-аа хүртсэн.
Эрэгтэй гол дүрийн төрөлд мөн ширээний теннисчин эрийн бодит түүхээс сэдэвлэсэн кинонд тоглосон Тимоти Чаламет өрсөлдөж байна. Тэр өнгөрсөн сард 30 нас хүрсэн бөгөөд хоёр дахь жилдээ дараалан шилдэг эрэгтэй гол дүрийн ангилалд нэр дэвшиж байгаа юм. Хэрэв энэ жил шагнал хүртэх юм бол Оскарын түүхэнд хамгийн залуудаа “шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагнал авсан нэрсийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэх боломжтой байна.
2 сэтгэгдэлүүд
Кино нь үнэхээр сайн бололтой
Titanic-ийг давна гэдэг амар биш шүү