Тоглолтын тов: нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Монголын сонгодог урлагийн сор болсон “Уран хас” балетыг энэ сарын 31, хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд дахин тайзнаа толилуулах гэж байна. Үндэсний хэв шинж, монгол хүний дүр төрх, сэтгэлгээний онцлогийг балетын хэлээр шингээсэн энэ бүтээл үзэгчдийн дунд олон жил хайрлагдсаар ирсэн.
Үндэсний сонгодог балетын бүтээлийн замнал
“Уран хас” балет нь Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны зохиосон, монголын үндэсний сонгодог урлагийн нэрийн хуудас болсон бүжгэн жүжиг юм. Тус бүтээлийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамьяндагва дэглэж, анхны тавилтыг нь бүтээсэн байдаг. Балетын эхний тоглолтод УГЗ удирдаач Ч.Жамсранжав, Ардын зураач Ч.Гунгаасүх нар хамтран ажилласан нь тухайн цаг үеийн театрын шилдгүүдийг нэгэн тайзнаа төвлөрүүлсэн онцгой уран бүтээл болж байв.
Гол дүрүүдийг балетын нэрт гоцлоочид болох Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нар бүтээж, анхны үзэгчдийн сэтгэлд гүн тодоор хоногшуулсан нь “Уран хас”-ыг олон арван жилийн турш дахин дахин тоглогдох суурийг тавьжээ.
Анх 1973 онд үзэгчдийн хүртээл болсон тус балет хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Үйл явдлын өрнөл, хөгжим, бүжгийн зохиомж, тайзны шийдэл нь монгол ахуй, домог, билгийн чанарыг сонгодог хэлээр илэрхийлсэн бүтээл хэмээн үнэлэгддэг.
Шинэчилсэн тавилт, буга согооны бүжгийн дахин сэргэлт
“Уран хас” балетыг 2008 онд шинэчилж тавихдаа анхны хувилбарт багтдаг буга, согооны бүжгийн хэсгийг тайзнаас хасч, вальсын хэсгийг илүү тодруулан гаргасан хувилбараар тоглож байсан. Харин 2013 онд уг бүтээлийн 40 жилийн ойн хүрээнд балетыг эх хувилбарт нь ойртуулан, буга, согооны бүжгийн хэсгийг дахин оруулж, хуучин найруулгаараа тоглосон нь үзэгчдэд ихээхэн сайшаагдсан.
Буга, согооны бүжиг нь олон бүжигчнийг зэрэг хамарсан, тайзны хөдөлгөөн, дүрслэлээрээ онцгой сонирхол татдаг хэсэг. Энэ хэсгийг орчин цагийн тайзнаа дахин амилуулахын тулд бугын 12, согооны 12 хувцсыг шинээр урлаж бэлтгэж байсан нь уг балетын тайзны харагдац, чанарт хэр зэрэг ач холбогдол өгдгийг харуулдаг.
Ж.Чулууны 90 жилийн ойтой давхцаж буй тоглолт
Энэ жил “Уран хас” балетын зохиогч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ой тохиож байна. Түүний нэрийг зүүсэн энэхүү бүтээл дахин тайзнаа амилж буй нь зөвхөн нэгэн балетын тоглолт бус, монголын сонгодог урлаг, хөгжмийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн уран бүтээлчийн бүтээлийг шинэ үеийн үзэгчдэд дахин сануулах, таниулах чухал үйл явдал болж байна.