HBO сувгийн “The Last of Us” цувралын хоёрдугаар улирал эхний ангиасаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ч үзэгчдийн дунд сэтгэл дундуур байдал үүсгээд байна. Rotten Tomatoes сайтын үзүүлэлтээр шүүмжлэгчдийн үнэлгээ 95 хувьтай байгаа бол үзэгчдийн үнэлгээ ердөө 42 хувьтай байна. Энэ нь өмнө нь шүүмжлэгчдээс 93 оноо авч байсан ч хэрэглэгчдээс 5.8/10 үнэлгээтэй үлдсэн “The Last of Us Part II” тоглоомын хуваагдмал хүлээн авалтыг санагдуулахуйц үзүүлэлт юм.
Анхны улирал нь тоглоомын сэтгэл хөдлөлтэй, гүн утгатай бүтэцтэй уялдсан найруулга, жүжиглэлтийнхээ ачаар үзэгчид болон шүүмжлэгчдээс бараг ижил өндөр үнэлгээ авсан бол хоёрдугаар улирал эхэлснээс хойш шүтэн бишрэгчдийн хандлага огцом өөрчлөгдсөн байна. Үзэгчдийн дунд үнэлгээ эрс буурсан нь олон хүчин зүйлтэй холбоотой ажээ.
Зарим үзэгчид цувралын үйл явдал, ялангуяа Эббигийн түүхийг тоглоомоос өөрөөр илэрхийлсэнд сэтгэл дундуур байгаа бол зарим нь үйл явдал хэтэрхий хурдан өрнөж, чухал мөчүүдийн сэтгэл хөдлөлийн гүн алдагдаж байна гэж үзэж байна. Мөн Белла Рамсайгийн бүтээж буй Эллигийн дүрийг зарим шүтэн бишрэгчид тоглоомын Эллигийн дотоод сэтгэлийн тэмцэл, гуниг, нарийн төвөгтэй байдлыг гүйцэд илэрхийлж чадаагүй гэж шүүмжилж байна. Эллигийн дүр зарим үзэгчдэд илүү хөнгөн, сэтгэл хөдлөл багатай, тоглоомынх шиг гүн гүнзгий бус мэт санагдсан нь тэдний хүлээлтийг хангаж чадсангүй.
Цувралын талаархи шүүмжлэл зөвхөн зохиол, дүр бүтээлтээр хязгаарлагдахгүй байгаа бөгөөд жүжигчдийн хувийн шинж чанар, дүр төрх, мөн LGBTQ+ харилцааны илэрхийлэлтэй холбоотой хэт хувьсгалт сэтгэгдлүүд ч нийгмийн сүлжээнд тархсаар байна. Энэ нь орчин үеийн томоохон уран бүтээлүүдэд нийтлэг тулгардаг үзэгдэл болжээ.
Гэсэн ч мэргэжлийн шүүмжлэгчид цувралын хоёрдугаар ангийн зураг авалт, зохиолын найруулга, жүжиглэлтэд өндөр үнэлгээ өгсөөр байна. Цувралын тавдугаар анги цацагдаад байгаа энэ үед үзэгчдийн хандлага эерэг чиглэлд өөрчлөгдөх эсэх нь анхаарал татаж байна.
2 комментария
Эхний улирал нь илүү сэтгэл хөдөлгөм, сонирхолтой байсан шүү
Цаашид илүү сонирхолтой болох байх гэж найдаж байна