Хуримын дөрөв дэх жилийн ойгоор ганцаараа очин хүндэтгэл үзүүлэв
Тайванийн ET Today хэвлэлийн мэдээлснээр, дуучин Ку Жун-юп хоёрдугаар сарын 8-нд, өөрийн гэрлэлтийн дөрөв дэх жилийн ойгоор талийгаач эхнэр Барби Хсугийн булшинд ганцаараа ирж сууж байхыг гэрчүүд харсан байна.
Булшинд нь хүндэтгэл үзүүлэхээр зорин очсон нэгэн онлайн хэрэглэгч түүнийг санаандгүй тааруулж, богинохон ярилцсан тухайгаа хуваалцжээ. Ярилцлагын үеэр тэр хүний хэлснээр, олон хүн түүнийг дахин ирэхийг чимээгүйхэн хүлээж, сэтгэлээрээ дэмжиж байдгийг дуулгахад Ку Жун-юп ихэд талархал илэрхийлсэн байна.
Тэр өдөр Ку Жун-юп хар чулуугаар хийсэн булшны хөшөөний хажууд шоколадтай бялуу, дарсны шил, хундага тавьж, чимээгүйхэн суугаа харагджээ. Булшны өмнө ягаан, цагаан сарнай, мөн дулаан, найдвар бэлгэдсэн том наранцэцгийн баглаа зэрэг олон төрлийн цэцэг дүүрэн байсан нь түүний сэтгэлийн гүн хүндэтгэлийг илтгэж байв.
Гэнэтийн хагацал, 20 гаруй жил үргэлжилсэн хайрын түүх
Барби Хсу өнгөрсөн оны хоёрдугаар сарын 2-нд Японд аялж явах үедээ цочмог уушгины хатгалгаа туссанаас болж гэнэт нас барсан. Тэр үед түүний нас 48 байлаа. Эмгэнэлт мэдээ гэрлэлтийнх нь ойгоос ердөө зургаахан хоногийн өмнө ирсэн нь Тайвань, Өмнөд Солонгос төдийгүй Ази даяарх олон хүний сэтгэлийг эмтэлсэн үйл явдал болсон.
Ку Жун-юп, Барби Хсу нарын хайрын түүх өөрөө нэгэн үеийн дуу хөгжим, энтертэйнментийн домог мэт ярьдаг сэдэв байв. Тэд анх 1998 онд үерхэж эхэлсэн ч эцэст нь салж, урт хугацаанд тус тусын амьдралаар явсан. Харин 20 гаруй жилийн дараа, 2022 онд дахин холбоо тогтоож, богино хугацаанд гэрлэлтээ зарласан нь олон нийтийг шуугиулж, “хоёр дахь боломжийн хайр” гэж дүрслэгдсэн.
Өдөр бүр очин булшийг арчилж, 14 кг жин хасах хүртлээ шаналсан нь
Барби Хсу нас барснаас хойш Ку Жун-юп Тайванийн Жинбаошан дахь түүний булшинд байнга очиж, бараг өдөр бүр арчилж, цэцэг солих болсон талаар орон нутгийн хэвлэлүүд онцолдог. Ийнхүү тасралтгүй очиж, ганцаарчилсан дурсамж, шаналал, гашуудал дунд өнгөрүүлсэн хугацаа нь түүнийг 14 гаруй кг жин хасахад хүргэсэн гэж мэдээлжээ.
Барби Хсу нас бараад нэг жил болж байх үед, өөрийн зохиож, санаачилсан дурсгалын баримлыг нээх ёслолыг Ку Жун-юп өөрөө зохион байгуулсан. Тэр арга хэмжээнд Барби Хсугийн гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд, мөн Ку Жун-юпийн ойрын найзууд болох Кан Вон-рэ, Хон Рок-ки, Super Junior хамтлагийн Чой Си Вон зэрэг уран бүтээлчид оролцсон байна.
Бялуу, дарс, чимээгүй яриа: үл тасрах хайр
Орон нутгийн шүтэн бишрэгчид гэрлэлтийнх нь дөрөв дэх жилийн ойгоор Ку Жун-юп дахин булшин дээр нь ирж, бялуу, дарс, цэцэг тавин удаан хугацаанд ганцаараа сууж байсныг онцолж, “амьдралынхаа хамгийн чухал хүнийг алдсан ч, өөрийнх нь хувьд энэ хайр дуусаагүй хэвээр байгаагийн бэлгэ тэмдэг” хэмээн тайлбарлаж байна.
Тэрээр албан ёсны мэдэгдэл, сүржин үг хэлэхээс илүүтэйгээр, өдөр тутмын жижиг үйлдлээрээ буюу булшийг нь арчлах, ой бүрт нь очих, хуримын ойгоор хоёрынхоо дурсан суудаг шиг бялуу, дарс тавих замаар талийгаач эхнэрээ дурссаар байгаа нь олон хүний нүдэнд энэ хайрыг жинхэнэ, дуусашгүй юм шиг харагдуулж байна.