Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБритни Спирс 200 саяын хэлцлээр хит дуунуудаа өөрөөсөө “салгалаа”

Бритни Спирс 200 саяын хэлцлээр хит дуунуудаа өөрөөсөө “салгалаа”

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Toxic”, “Baby One More Time” зэрэг хитүүдийн эрхийг Primary Wave-д шилжүүлэв

Поп од Бритни Спирс өөрийн хамгийн алдартай бүтээлүүд болох “Toxic”, “Baby One More Time”, “Gimme More” зэрэг дуунуудынхаа эрхийг “Primary Wave” компанид нийт 200 сая ам.долларын үнээр худалдаж өгсөн байна. Хэлцэл 2025 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан ёсоор хаагдсан ч уг наймааны талаар олон нийтэд анх удаа энэ сарын 10-нд мэдээлэгджээ. Наймааны талаарх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж “New York Times” сонинд өгсөн гэж дурдсан байна.

Сүүлийн жилүүдэд уран бүтээлийн эрхээ томоохон компаниудад худалдах нь дэлхийн алдартнуудад түгээмэл болсон үзэгдэл юм. Шакира, Жастин Бибер, Жастин Тимберлэйк, Брюс Спрингстин зэрэг А зэрэглэлийн олон уран бүтээлч аль хэдийн каталогоо зарсан. Тухайлбал, Брюс Спрингстин 2021 онд дуунуудынхаа эрхийг “Sony” компанид 500 сая ам.доллароор шилжүүлсэн бол “Queen” хамтлагийн уран бүтээлийн багцыг мөн тус компани нэг тэрбум гаруй ам.долларын үнээр худалдан авсан байдаг.

Попын домогт одын замнал, хяналт дор өнгөрүүлсэн он жилүүд

Бритни Спирс 1999 онд анхны цомгоо гаргаснаас хойш нийт есөн студийн цомог олон нийтэд хүргэсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай эмэгтэй уран бүтээлчдийн тоонд багтдаг. Тэрээр 20 орчим жилийн турш поп хөгжмийн урсгалыг чиглүүлсэн гол нэрсийн нэг байсан бөгөөд өдгөө 44 нас хүрээд байна.

Гэхдээ түүний амжилтын ард хүндхэн түүх бий. Бритни амьдралынхаа ойролцоогоор 14 жилийг аавынх нь удирдсан консерваторын хяналт дор өнгөрөөсөн. Энэ хугацаанд хувийн амьдрал, карьер, санхүүгийн томоохон шийдвэрийг өөрөө шууд гаргах эрхгүй, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлд найддаг байв. Удаан хугацааны маргаан, шүүхийн ажиллагааны үр дүнд түүний консерватор 2021 онд цуцлагдаж, эрх чөлөөгөө бүрэн хэмжээнд буцаан авсан гэж үздэг.

2023 онд Бритни олон жилийн турш өөрийн хүсэлгүйгээр бусдын хяналтад амьдарсан тухайгаа нээлттэй өгүүлсэн дурсамж номоо хэвлүүлсэн. Ном нь худалдаанд гарсан даруйдаа шуугиан дэгдээж, зөвхөн АНУ-д эхний долоо хоногт 1.1 сая гаруй хувь борлогдсон нь уншигчдын сонирхол ямар өндөр байсныг харуулсан үзүүлэлт болсон.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Instagram хуудсандаа нийтэлсэн нэгэн бичвэртээ: “Гэр бүлийнхэн минь надад яаж хандлаа, энэ бүхний эцэст амьд мэнд байгаа минь зол гэж би боддог” хэмээн бичиж, мөн хамаатан саднуудаасаа айж явдгаа дурдсан. Дараа нь уг текстээ устгаж, зөвхөн зургийг нь үлдээсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх