Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесАнжелина Жоли: “Миний сорви бол хүүхдүүдтэйгээ үлдэхийн тулд хийсэн сонголт”

Анжелина Жоли: “Миний сорви бол хүүхдүүдтэйгээ үлдэхийн тулд хийсэн сонголт”

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Миний сорви бол миний өөрийн сонголт”

Жүжигчин Анжелина Жоли хорт хавдрын өндөр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хийлгэсэн давхар хөхний мэс заслынхаа тухай дахин ярьж, сорвио ямар утгатайгаар хүлээн зөвшөөрдгөө дэлгэлээ.

Тэрээр энэ сарын 10-нд France Inter радиод өгсөн ярилцлагадаа “Давхар хөхний мэс засал бол миний сонголт байсан. Би энэ шийдвэрийг гаргах боломж олдсондоо талархаж байна” хэмээн хэлжээ.

Жоли ярилцлагын явцад хүмүүсийн биед үлдсэн сорви, тэдний туулсан амьдралын тухайд илүү анхаарч ханддаг гэдгээ онцолж, “Би хүмүүсийн авч явдаг сорви, тэдний амьдарч буй амьдралд үргэлж илүү их анхаарал хандуулдаг байсан. Би ганц ч сорвигүй төгс амьдралын тухай ойлголтод татагддаггүй. Миний сорви бол хүүхдүүдтэйгээ аль болох удаан хамт байх сонголт юм. Тийм ч учраас би сорвиндоо хайртай” гэжээ.

Мөн тэр “Би эрүүл мэндийнхээ төлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж, сонголттой байсандаа талархаж байна” хэмээн нэмж хэлсэн нь ийм сонголт хийх боломжгүй олон эмэгтэй байдгийг өөрөө ухамсарлаж буйн илэрхийлэл болж байна.

Ээжийгээ хорт хавдраар алдсан дурсамж, сорвины гүн утга

Анжелина Жолигийн хувьд урьдчилан сэргийлэх мэс заслын шийдвэр нь зөвхөн тоон эрсдэл, эмчийн дүгнэлт дээр суурилсан сонголт бус, бага насны хүнд дурсамжтай нь салшгүй холбоотой. Түүний ээж 1999 онд өндгөвчний хорт хавдартай гэж оношлогдож, дараа нь хөхний хорт хавдрын онош нэмэгдэн, эцэст нь 2007 оны 1-р сард 56 насандаа нас барсан. Жоли өнөөдөр хүүхдүүдээ эмээгүй өсгөж байгаа нь түүнийг хорт хавдрын эрсдэлийн эсрэг илүү шийдэмгий алхам хийхэд түлхэц болжээ.

Тэр “Би амьдралыг ингэж л хардаг. Хэрэв хүний амьдралын төгсгөлд алдаа, замбараагүй байдал, сорви байхгүй бол энэ нь бүрэн дүүрэн амьдарч чадаагүй амьдрал” гэж хэлсэн байдаг. Түүний хувьд сорви гэдэг нь өвчний үлдэгдэл бус, амьд үлдэх, хайртай хүмүүсийнхээ дэргэд урт удаан хугацаанд байх сонголтын бодит тэмдэг болсон.

2013 онд генетикийн шинжилгээгээр BRCA төрлийн мутаци илэрсний дараа эмч нар түүний хөхний хорт хавдарт өртөх магадлалыг бараг 90 хувьтай гэж тооцоолжээ. Үүний дараа Жоли хөхний булчирхайг тайруулах мэс засал хийлгэх шийдвэр гаргасан бөгөөд тэр үедээ New York Times сонинд нийтэлсэн ярилцлагад “Хөхний хорт хавдраар ээжийгээ алдахаас айх шаардлагагүй гэж би хүүхдүүддээ хэлж чадна” гэж бичсэн байдаг.

Хоёр жилийн дараа тэр өндгөвч болон умайн гуурсаа авхуулах урьдчилан сэргийлэх мэс засалд дахин орсон. Энэ бүхэн нь Жолиг эрүүл мэндийн шийдвэрээ нээлттэй хуваалцаж, генетикийн эрсдэлтэй, эсвэл хорт хавдрын айдсаар амьдарч буй олон эмэгтэйчүүдэд бодит жишээ, урам зориг өгөх шалтгаан болсон.

Сорвийг нуух бус, хуваалцах: бусад эмэгтэйчүүдэд илгээж буй дохио

Өнгөрсөн оны аравдугаар сард Анжелина Жоли урьдчилан сэргийлэх мэс заслын талаарх байр сууриа дахин илэрхийлж, Time France сэтгүүлд анх удаа давхар хөхний мэс заслын сорвио ил гаргасан зураг нийтлүүлсэн. Тэр үедээ “Би эдгээр сорвио хайртай олон эмэгтэйчүүдтэйгээ хуваалцахыг хүсэж байна. Бусад эмэгтэйчүүд сорвио хуваалцахыг харахаараа би үргэлж сэтгэл хөдөлдөг” гэж ярьжээ.

Ингэснээр тэр сорвийг нуух ёстой “доголдол” бус, туулсан тэмцэл, аварсан амьдралын тод тэмдэг гэж үздэгээ харуулсан. Хөхний хорт хавдар, генетикийн эрсдэлийн талаар дэлхий даяар илүү нээлттэй ярьж, шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сонгох боломж, эрхийн тухай хэлэлцэж буй энэ үед Жолигийн нээлттэй байр суурь олон эмэгтэйд айдсаа багасгаж, эмчтэй ярилцаж, өөртөө хэрэгтэй шийдвэр гаргахад нь урам өгч байна.

Тэр зөвхөн улаан хивсний од жүжигчин бус, ээжийнхээ амийг авсан өвчний эсрэг өөрийн биеэр тэмцэж, үр хүүхдүүдтэйгээ илүү удаан хамт байхын төлөө шийдэмгий алхам хийсэн эмэгтэй хүний хувьд сорвиныхоо утгыг дахин дахин тайлбарлаж, “ганц ч сорвигүй төгс амьдрал”-ын тухай төөрөгдлийг эвдэхийг хүсэж байгаагаа илэрхийлсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх