Домогт жүжигчний гэнэтийн сорилт
Тулааны урлагийн домогт нэртэй, Холливудын од Жан-Клод Ван Дамм Америкийн алдарт влогер, мэргэжлийн боксчин Жэйк Полд гэнэтийн сорилт шидэв. Өдгөө 65 настай Бельги гаралтай жүжигчин өөрийн сошиал хуудаснаа бичлэг нийтэлж, олон нийтийн анхаарлыг дахин өөр рүүгээ төвлөрүүллээ.
Бичлэг дээр Ван Дамм “Жинхэнэ тулаан хийцгээе. К-1 бокстой нүүр тулах болно” гэж хэлж, энэхүү боломжит тулааны чиг баримжааг тодорхой зааж өгсөн байна. Тэрээр мөн тулалдааны дүрмийн талаар санал дэвшүүлж, тохойдох болон хөл рүү чиглэсэн low-kick техникийн хэрэглээг хориглох нөхцөлтэйгөөр тулалдъя гэж уламжилжээ.
Хоёр өөр үеийн, хоёр өөр замналтай тулаанчид
Жан-Клод Ван Дамм тулааны урлагийн олон чиглэлээр олон арван жил хичээллэсэн, кино урлагт ч тулааны стилээ тодорхой хэмжээгээр шинэ түвшинд гаргасан хүн. Насныхаа хувьд өндөр болсон ч бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг, өөрийгөө “жинхэнэ рингэнд гарахад бэлэн” гэдгийг харуулахыг хүссэн мэт сэтгэгдэл төрүүлээд байна.
Нөгөө талд нь 29 настай Жэйк Пол сүүлийн жилүүдэд мэргэжлийн боксын ертөнцөд өөрийн нэрийг хүчтэй гаргаж ирсэн. Тэбээр мэргэжлийн үзүүлэлтээрээ 12 ялалттай, тэдгээрээс 7-г нь нокаутаар дуусгасан бол 2 ялагдал хүлээсэн. Түүний хамгийн сүүлийн тулаан 2025 оны арванхоёрдугаар сарын 20-нд Майамид болж, Британийн хүнд жингийн тамирчин Энтони Жошуад 6-р үед нокаутаар дийлдсэн байдаг.
Сошиал орчны халуун сэдэв
Янз бүрийн үеийн, өөр төрлийн рингнээс ирсэн хоёр тулаанч ийнхүү нэгэн тулаанд учрах боломжтой боллоо гэх мэдээлэл сошиал орчинд хурдтай тарж, хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг болоод байна. Зарим нь Ван Даммыг нас, биеийн хувьд эрсдэлтэй сорилт хийж байна гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “бокс vs К-1” гэсэн контент нэгэнтээ бодит рингэн дээр хэрэгжвэл тулааны спорт, шоуменшипийг хосолсон томоохон эвент болно гэж харж байна.
Хоёр тал албан ёсны гэрээ, хугацаа, зохион байгуулагч байгууллагын талаар хараахан мэдээлээгүй ч Жан-Клод Ван Даммын шууд уриалга аль хэдийнээ олон улсын спорт, кино, сошиал ертөнцийн анхаарлыг татаж эхэллээ.
2 сэтгэгдэлүүд
Энэ тулаан болбол их сонирхолтой байх аа
Үнэхээр болох эсэхийг нь харж л байя даа