Монголын шилдэг тоглогчдын нэг Senzu буюу М.Азбаяр Украйны Passion UA багт зээлээр очихоор боллоо. Энэхүү тохиролцоо нь хагас жилийн хугацаатай бөгөөд хугацаа дууссаны дараа бүр мөсөн худалдан авах боломжийн нөхцөлтэйгөөр хийгдэж байна.
Senzu 2025 оны HLTV-ийн чансаагаар шилдэг 13 дахь тоглогчоор нэрлэгдсэн амжилттай. Харин Passion UA баг бүрэлдэхүүнээ зөвхөн түүнээр бэхжүүлсэнгүй. Тэд мөн Аргентины мэргэн бууч Сантино “try” Ригалыг элсүүлжээ. Шинэ бүрэлдэхүүнтэйгээ тус баг энэ сарын 19-нд анхны тоглолтоо хийхээр товлосон байна.
Хэлэлцээрийн нөхцөл ба талуудын байр суурь
Passion UA багийн ерөнхий захирал Артемий Рябов “Хэлэлцээр их хүнд болсон. SenzuЕвропын багт шилжиж, англи хэлээ сайжруулахаар төлөвлөсөн байсан. “IEM Cologne Major 2026” тэмцээний дараа талууд зөвшилцвөл бүр мөсөн худалдан авах болно” гэжээ.
Passion UA гэж ямар баг вэ
Passion UA багийг Украины хөлбөмбөгчин Олександр Зинченко 2023 онд байгуулсан бөгөөд Counter-Strike 2, Dota 2 төрлүүдэд өрсөлдөж байна. Тус баг 2024 оны арваннэгдүгээр сард Astralis-ийг хожсоноор Perfect World Shanghai Major 2024 тэмцээнд оролцох эрх авч, олны анхаарлыг татсан. Харин 2025 оны наймдугаар сард Complexity Gaming-ийн бүрэлдэхүүнийг худалдан авснаар Хойд Америкт төвтэй багийн бүтэц рүү шилжсэн гэж мэдээлжээ.