2-р сарын 25-ны албан мэдэгдэл
“Merlin Entertainments Group”-ийн бүрэлдэхүүнд багтдаг Хонконг дахь “Мадам Тюссо” музей Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дэлхийд танигдсан уран бүтээлч Жүнхогийн лав баримлыг бүтээж эхэлснээ хоёрдугаар сарын 25-ны өдөр зарлалаа. Удахгүй шүтэн бишрэгчид нь Хонконг дахь музейгээс түүний баримлыг үзэх боломжтой болох бөгөөд уг бүтээл нь Жүнхогийн К-поп дахь замнал болон жүжигчний амжилтыг зэрэг илэрхийлэх юм байна.
2PM-ээс эхэлсэн замнал, жүжигчний амжилтыг онцолжээ
Жүнхо “2PM” хамтлагт гараагаа эхлүүлснээс хойш хөгжим болон кино урлагийг амжилттай хослуулж, “Халлю” буюу Солонгосын давлагааны томоохон төлөөлөгчдийн нэг болсон. Тэрээр төрөл бүрийн дүрээр өөрийгөө сорьж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авснаар өөрийн үеийн хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг болж байр сууриа бататгасан билээ.
Сүүлийн бүтээлүүд: tvN ба Netflix
Сүүлийн үед Жүнхо tvN-ийн “Typhoon Family” олон ангит бүтээлд тоглон жүжиглэх чадвараа харуулсан гэжээ. Мөн Netflix-ийн “Cashero” цувралаар дамжуулан олон улсын хүрээнд нөлөөгөө тэлсэн гэж мэдээлэв.
Хэмжилт авах ажил 4 цаг үргэлжилж, Жүнхо өөрөө биечлэн оролцлоо
Лав баримлыг бодит мэт бүтээхийн тулд Жүнхогийн биеийн хэмжилтийг Өмнөд Солонгост авсан байна. Ямар ч үед тайван, тууштай байдлаараа танигдсан Жүнхо хэмжилт болон бэлтгэл ажлын явцад дөрөв орчим цаг биечлэн оролцжээ. Энэ талаар тэрээр:
“Миний биеийн хамгийн жижиг деталь хүртэл хэрхэн баригдаж байгааг харах үнэхээр сонирхолтой байсан. Шинэ төсөл эхлүүлэх бүр надад догдлол төрүүлдэг, өнөөдөр ч яг л шинэ зүйлийн эхлэл шиг санагдлаа.”
– Жүнхо
Лав баримал бүтээх процессын онцлог
Лав баримал хийхэд нүүр, гар, биеийн байрлал, илэрхийлэл, арьсны өнгө, биеийн ерөнхий хэмжээс зэрэг нарийн үзүүлэлтүүдийг өндөр түвшинд хэмжиж, тохируулдаг. Энэ шат нь бодит хүнтэй хамгийн адил харагдуулах гол үндэс болдог гэж тайлбарлажээ.
“Халлю соёлын дэлхийн нөлөөг төлөөлнө” гэж онцлов
“Merlin Entertainments Hong Kong”-ийн ерөнхий менежер Уэйд Чан Жүнхог дэлхийн өнцөг булан бүрийн шүтэн бишрэгчдэд хайрлагдсан уран бүтээлч хэмээн тодорхойлоод, энэхүү лав баримал нь зөвхөн төрхийг нь дуурайх төдий биш, Солонгосын соёл урлагийн дэлхий дахинд үзүүлж буй нөлөөг илтгэх бэлгэдэл болно гэж хэлсэн байна.
“Жүнхо бол дэлхий даяарх шүтэн бишрэгчдийн хайрыг хүлээсэн уран бүтээлч. Түүний лав баримал нь зүгээр нэг адилхан дүрслэл биш, Солонгосын соёлын дэлхий дахинд үзүүлсэн нөлөөг төлөөлөх юм.”
-Уэйд Чан
Жүнхогийн лав баримлын албан ёсны нээлтийн товыг “Мадам Тюссо Хонконг” музейн албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр удахгүй зарлах юм байна.
