Казах түмний олон зуун жилийн түүхтэй бүргэдээр ан хийх соёл, зан заншлыг дэлхий дахинд таниулах зорилготой “Бүргэдийн баяр” энэ жил илүү далайцтай болох нь. Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг арга хэмжээ “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болон өргөжиж буйгаараа онцлогтой.
Хэзээ: 2026 оны 03 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд. Хаана: “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор. Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00–18:00 цагийн хооронд.
Уламжлалт наадмын энэ жилийн гол онцлог нь олон улсын бүргэдчид уригдан ирж, хүч чадал, авхаалж самбаагаа сорих явдал юм. Наадмын хүрээнд дараах сонирхолтой үзүүлбэр, тэмцээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ:
- Ур чадварын сорилт: Бүргэдчдийн ур чадварыг шалгах тэмцээн болон морин дээрээс бүргэдээ дуудуулах үзүүлбэрүүд.
- Соёлын үзэсгэлэн: Казах үндэсний хувцас, гар урлалын бүтээлүүдийн танилцуулга.
- Урлагийн тоглолт: Үндэсний соёл, уламжлалыг харуулсан тусгай хөтөлбөрүүд.
- Танин мэдэхүй: Дотоод болон гадаадын аялагчдад зориулсан соёлын танин мэдэхүйн тусгай үйл ажиллагаанууд.
Энэхүү арга хэмжээ нь залуу үед өв соёлоо өвлүүлэн үлдээхээс гадна Монгол орныг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, казах түмний ахуй соёлыг олон улсад сурталчлахад чухал ач холбогдолтой юм.