1920–1930-аад оны гламурын сэдвээс өөр чиглэл сонгосон нь анхаарал татлаа
Холливудын жүжигчин Эмма Стоун “2026 Screen Actors Guild Awards” буюу SAG Awards-ын улаан хивсэн дээр энгийн кардиганы хэв маягийг тансаг төрх болгон хувиргаж, олон улсын хэвлэлийн дуранд өртжээ. Тус ёслолын энэ жилийн албан сэдэв нь Elle сэтгүүлтэй хамтран төлөвлөсөн “1920–1930-аад оны Холливудын гламурыг дахин тайлбарлах” байсан ч Стоун энэ чиг хандлагыг дагасангүй гэж The Daily Mail онцолсон байна.
Louis Vuitton-ийн захиалгат хослол: слип даашинз дээр кардиган
Тэр өдөр Стоун Louis Vuitton-ийн захиалгаар урласан ягаандуу-лилак өнгийн сувдан чимэглэлтэй слип даашинз, түүнд яг таарсан кардигантай гарч иржээ. Шалан хүртэл урт шифон даашинз нь нарийн сувдан мөрөвч, гүн бус дугуй энгэрээрээ тодорсон бол кардиган нь өнгөний нэгэн цул шийдэл, нягт чимэглэлээрээ илүү их анхаарал татсан байна. Гэртээ ч тухтай өмсөх мэт давхарласан хувцсыг шагнал гардуулах ёслолын “хамгийн гялалзсан” төрх болгож чадсан нь түүний гол онцлог болсон гэж нийтлэлд өгүүлжээ.
“90-ээд оны минимализм” ба санаатай даруухан гоёл
Шагналын үдэш ихэнх одод өдөн боа, Art Deco хэв маягийн тансаг даашинзаар сэдвээ баримталсан бол Стоун “90-ээд оны минимализм”-ыг сонгож, эсрэг дүр зураг гаргасан гэж тайлбарлажээ. Тэр үсээ сулхан намхан боолтоор янзалж, будалтаа энгийн байлгаад, ягаавтар уруулыг гол акцент болгосон байна. Мөн нүд булаам, том гоёл чимэглэлээс санаатайгаар татгалзсан нь “хэтрүүлэлгүйгээр ялгарах” дүр төрхийг улам тодруулжээ.
Улирлын турш үргэлжилсэн “гэнэтийн даруулга”
Энэ нь Стоун болон түүний олон жилийн стилист Петра Фланнери нарын энэ улиралд үзүүлж буй “гэнэтийн даруулга”-ын үргэлжлэл гэж The Daily Mail дүгнэсэн байна. Тухайлбал, Стоун Golden Globe дээр гэдэс ил гаргасан Louis Vuitton-ийн кроп топ, BAFTA дээр хар халтер энгэртэй даашинз өмссөн. Харин Producers Guild of America Awards (PGA)-д 2017 оноос хойш элчээр ажилласан Louis Vuitton-оосоо түр холдож, Calvin Klein-ийн энгийн танк даашинзаар олны анхаарал татсан гэжээ.
Оскарын өмнөх хүлээлт
Эмма Стоун 15-нд болох “2026 Academy Awards” буюу Оскарт “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий төрөлд нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан гэж мэдээлэгдэж байна. Энгийн хувцасны шүүгээн дэх суурь эдлэлийг өндөр зэрэглэлийн төрх болгон хувиргадаг түүний дараагийн сонголт Оскарын улаан хивсэн дээр ямар байх нь сонирхол татаж байна.