Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесХейли Бибер амь насанд заналхийлсэн төрөлтийн нууцаа дэлгэв

Хейли Бибер амь насанд заналхийлсэн төрөлтийн нууцаа дэлгэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жирэмслэхийн өмнөх онош бүхнийг өөрчилсөн нь

29 настай модель Хейли Бибер “SHE MD” подкастад оролцохдоо хүү Жэк Блюзийг төрүүлэхээс өмнө туулсан айдас, эрсдэлтэй мөчүүдийнхөө талаар ярьжээ. Тэрээр жирэмслэхээсээ өмнө өөрт нь “умайн таславч” гэж нэрлэгддэг төрөлхийн онцлог байсныг мэдсэн бөгөөд энэ нь умайн хөндий дотор хана мэт бүтэц үүсэж, зайг хуваадаг эмгэг аж. Ийм тохиолдолд зулбах, дутуу төрөх эрсдэл мэдэгдэхүйц нэмэгддэг гэж тайлбарласан байна.

Хейлигийн хэлснээр эмч нь тухайн үед “Магадгүй мэс засал хэрэгтэй болно. Тиймээс яг одоо жирэмслэх ёсгүй” гэж хатуу анхааруулж байжээ. Гэвч удалгүй жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд эмч нь энэ мэдээг сонсоод “Үгүй ээ” гэж уулга алдсан тухай хүртэл дурдсан байна. Хейли өөрийн оношийг “дунд зэрэг” эрсдэлтэй ангилалд орж байсан гэж тайлбарлаж, зулбах магадлал 25–40 хувь, дутуу төрөх эрсдэл бараг 20 хувь орчим гэж мэдээлжээ. Тэр “Хүүхэд томрох тусам умайн доторх тэр таславч дагаж сунан тэлж байгааг нь мэдэрч байсан, тэр үе бүр аймшигтай санагддаг байсан” гэж ярьсан байна.

Тэр хэдий нөхцөл байдал хүнд байсан ч “бүх зүйл зүгээр болно” гэж өөртөө итгүүлэн, эерэг байж чадсан гэжээ. Эцэст нь хүү нь эрүүл бойжиж, төрөхөд бэлэн болсон нь түүний хувьд хамгийн том тайвшрал байсан гэж ярьсан байна.

18 цагийн өвдөлт, төрсний дараах цус алдалттай нүүр тулсан нь

Жирэмслэлт өөрөө амаргүй байсан ч төрөх мөч нь түүний хувьд “жинхэнэ тулаан” болж өнгөрсөн гэж Хейли дурджээ. Тэр 39 долоо хоногтойдоо ураг орчмын шингэн гоожиж эхэлсний дараа өвдөлтийг өдөөж төрүүлэх аргыг сонгосон байна. Мэдээ алдуулалт хийлгүйгээр 18 цагийн турш төрөх өвдөлтийг даасан тухайгаа “Миний амьдралдаа хийж үзсэн хамгийн хэцүү зүйл. Үнэхээр итгэмээргүй байсан” гэж тодорхойлсон байна.

Хамгийн ноцтой үе нь хүүхдээ төрүүлсний дараа эхэлжээ. Тэр төрсний дараах их хэмжээний цус алдалтад орж, “Би ийм их цус алдсан болохоор ‘амьд үлдэхгүй байх’ гэж хүртэл бодогдсон” гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл үхлийн тухай бодол толгойд нь орж иртэл айдас төрсөн гэжээ.

Хүүгээ эсэн мэнд тэвэрсэн ч төрсний дараах өөрчлөлт түүнд сэтгэлзүйн хувьд амаргүй туссан тухайгаа мөн хуваалцсан байна. Биеийн хэлбэр, ялангуяа ташаа тэлсэн байдал, өмнөхөөс өөр болсон галбиртайгаа эвлэрэхэд цаг хэрэг болсон гэж хэлжээ. Тэр “Миний бие өмнөх шигээ биш болсон. Гэхдээ би үүнийг байгаа чигээр нь хүлээж авахаар шийдсэн” гэж ярьсан байна.

Мөн сүүлийн үед Жастин Бибертэй холбоотой таагүй цуурхлууд гарч байсан ч тэр бүхнийг хүүгээ гэсэн хайр, эх хүний мэдрэмжээр даван туулж чадсан гэх агуулгыг нийтлэлд дурдсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх