“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд зохион байгуулагдана
“Монгол кино өдрүүд-2026” кино наадам 2026 оны дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын алдарт Пусаны кино ордонд болохоор товлогджээ.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Мөн Монголын соёл, урлагийг олон улсын түвшинд сурталчлан таниулах зорилготойгоор уг кино өдрүүдийг зохион байгуулж байна.
Монголын шилдэг дөрвөн бүтээл үзэгчдэд хүрнэ
Кино өдрүүдийг БНСУ-ын Ханнарэ сан, Пусаны кино ордон болон Монголын Кино Зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хөтөлбөрт Монголын дөрвөн уран бүтээлийг сонгон оролцуулахаар болсон байна.
Үүнд дараах кинонууд багтжээ.
- Найруулагч Э.Ган-Очирын баримтат кино “Их говийн манаач”
- Найруулагч С.Баттулгын уран сайхны кино “Эцэг”
- Найруулагч Э.Нямжаргалын уран сайхны кино “Зүрхний Сараан”
- Найруулагч Л.Таванбаярын уран сайхны кино “Хадам ээж”
Эдгээр бүтээлүүд нь Монголын кино урлагийн олон талт өнгө төрхийг харуулж, гадаадын үзэгчдэд үндэсний соёл, амьдралын хэв маягийг таниулах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна.
Кино үзвэрийн албан ёсны хуваарь
Пусаны кино ордонд зохион байгуулагдах кино үзвэрүүд дараах цагийн хуваарийн дагуу олон нийтэд хүрнэ.
4-р сарын 16
20:00 — “Их говийн манаач”
4-р сарын 17
12:00 — “Их говийн манаач”
13:00 — “Зүрхний Сараан”
15:30 — “Хадам ээж”
17:50 — “Эцэг”
4-р сарын 18
12:00 — “Их говийн манаач”
13:10 — “Эцэг”
15:20 — “Зүрхний Сараан”
17:20 — “Хадам ээж”
Энэхүү кино наадам нь Монголын кино урлагийг Солонгосын үзэгчдэд ойртуулж, хоёр улсын соёлын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.