Японы поп од Аюүми Хамасакигийн Шанхайд хийхээр товлосон “I Am Ayu” тоглолт гэнэтийн шийдвэрээр цуцлагдсан ч дуучин өөрөө нэг ч үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд төлөвлөсөн хөтөлбөрөө бүхэлд нь үзүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
Хятад–Японы харилцааны хурцадмал байдлын дунд цуцлагдсан тоглолт
Аюүми Хамасакигийн тоглолт өнгөрсөн Бямба гарагт, 2025 оны 11 дүгээр сарын 29-нд болох ёстой байсан ч тоглолтоос нэг хоногийн өмнө буюу Баасан гарагийн үдээс хойш зохион байгуулагчид гэнэт цуцлагдсаныг зарласан байна. Тэд албан тайлбартаа энэхүү шийдвэрийг “давагдашгүй хүчин зүйл”-тэй холбон тайлбарлажээ.
Шалтгааныг тодорхой нэрлээгүй ч хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээнд уг цуцлалтыг Токио, Бээжингийн хооронд үүсээд буй сүүлийн үеийн улс төрийн хурцадмал байдал, тэр дундаа Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн мэдэгдэлтэй холбоотой байж болзошгүй гэх таамаг газар авсан байна. Харин Аюүми Хамасаки улс төрийн асуудалд хөндлөнгөөс оролцохоос зайлсхийж, өөрийн сайн мэдэхгүй сэдвээр байр суурь илэрхийлэхгүй гэдгээ тодорхой илэрхийлжээ.
Дуучны уучлал, хоосон тайзан дээрх бүтэн тоглолт
Тоглолт цуцлагдсан тухай албан ёсны мэдээллийг Хамасаки Баасан гарагт л хүлээн авсан бөгөөд тэрээр энэ талаар англи болон япон хэлээр шүтэн бишрэгчдэдээ хандан урт тайлбар, уучлалын нийтлэл бичсэн байна. Түүний дараах үгс олон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ишлэгджээ.
Тэрээр цахим хуудсандаа:
“Өмнөх тоглолтуудын үеэр бид өдөр, шөнөгүй 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Шанхайн тоглолтын тайзыг засаж, бэлтгэхэд таван өдөр зарцуулсан. Гэтэл өнөө өглөө багийн гишүүд тоглолт цуцлагдсан тухай мэдэгдэл хүлээн авлаа. Хамаг чадлаа дайчлан ажилласан 100 хятад ажилтан болон бусад 100 гаруй ажилтан, мөн энэ тоглолтыг зорин Японоос тэнгис далай гатлан ирсэн бүжигчид, уран бүтээлчдийн өмнөөс би чин сэтгэлээсээ харамсаж байна. Хамгийн гол нь Хятад, Япон болон бусад орноос ирэхээр төлөвлөсөн шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж, нүүр тулан уучлалт гуйх боломжгүйгээр тоглолт цуцлагдаж байгаад итгэж чадахгүй байна. Намайг үнэхээр уучлаарай”
хэмээн бичжээ.
Гэсэн ч тоглолт цуцлагдсанаас үл хамааран тэрээр Шанхайн цэнгэлдэх хүрээлэнгийн тайзан дээр гарч, нэг ч үзэгчгүйгээр “I Am Ayu” шоугаа дуу, бүжиг, продакшны хувьд бүрэн хэмжээгээр нь толилуулсан байна.
Аюүми Хамасаки тоглолтын дараа цахим хуудсандаа хоосон үзэгчдийн танхим, тайзан дээрх өөрийн зураг, бичлэгүүдээ нийтэлж, тоглолт бодитоор болсон, багийнханд зориулсан нэг төрлийн “дотоод тоглолт” байсныг онцлон дурджээ.
Шүтэн бишрэгчдийн дэмжлэг, дараагийн тоглолтын талаарх болгоомжлол
Шанхайн оршин суугчдын хэлснээр тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хэсэгт ч Аюүмигийн дуулж буй дуу, хөгжмийн чимээ тодхон сонсогдож байжээ. Олон шүтэн бишрэгчид тасалбар нь хүчинтэй хэвээр байхад гэнэт цуцлагдсан тоглолтоо танхимд үзэж чадаагүй ч дуучны шийдвэрийг хүндэтгэн, түүнийг тайзнаасаа буухгүй байсанд нь талархаж буйгаа цахим сүлжээнд бичиж байна.
Хамасаки өөрийн мэдэгдэлдээ:
“14 мянган хоосон суудал. Гэсэн ч би дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүтэн бишрэгчдийнхээ хайрыг маш их мэдэрлээ. Энэ бол миний хувьд хамгийн мартагдашгүй тоглолтуудын нэг байлаа” гэж хэлжээ.
Түүний аялан тоглолтын дараагийн тов 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Макаод болохоор зарлагдсан бөгөөд тасалбар нь хэдийн борлогдож дуусжээ. Гэвч Шанхайн тоглолтын цуцлалт, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан шүтэн бишрэгчид энэ тоглолтыг үнэхээр болох эсэхэд санаа зовнин, албан ёсны тайлбар, баталгааг хүлээсээр байна.