Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнес“Bridgerton 4”-ийн гол дүр Хайрин Испанид ялгаварлан гадуурхалтад өртөв

“Bridgerton 4”-ийн гол дүр Хайрин Испанид ялгаварлан гадуурхалтад өртөв

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

Испанийн сурталчилгаанд Хайриныг зах руу шахсан нь маргаан дэгдээв

Испанид болсон “Бриджертон” цувралын сурталчилгааны үеэр гол дүрийн жүжигчин Хайрин (Yerin Ha)-ийг зураг, видео материалд хангалттай онцлоогүй гэх шүүмжлэл гарч, зарим хэрэглэгчид үүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан байж болзошгүй гэж үзэж байна.

“Бриджертон” цувралын 4-р улиралд гол эмэгтэй дүрийг бүтээж буй Хайрин Испанид болсон сурталчилгааны арга хэмжээний үеэр бусад жүжигчдээс илүү “хойш тавигдсан” мэт харагдсан гэх шүүмжлэл сошиал орчинд өрнөжээ.

Саяхан Netflix-ийн “Бриджертон 4-р улирал” цувралын жүжигчид Люк Томпсон, Хайрин, Ханна Доддс нар Испанид очиж, цувралын сурталчилгаанд оролцжээ.

Гэвч Испанид болсон энэхүү сурталчилгааны үеэр Хайринд хандсан байдал нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан мэт харагдаж, олон хүний дургүйцлийг төрүүлэв. 4-р улирлын гол эмэгтэй дүр болох Софи Баекийн дүрийг Хайрин бүтээж байгаа ч албан ёсны сурталчилгааны зургууд дээр түүнийг кадрын буланд, зах хэсэгт байрлуулсан нь найруулгын шударга эсэхэд асуулт гаргасан. Харин эрэгтэй гол дүр Бенедикт Бриджертоны дүрийг бүтээсэн Люк Томпсон, туслах дүр Франческа Бриджертоны дүрд тоглосон Ханна Доддс нар илүү төвд, тод гарсан байна.

Фен уулзалт, суудлын зохион байгуулалт ч шүүмжлэл дагуулжээ

Испанид болсон фен уулзалтын үеэрх тайзны зохион байгуулалт ч мөн маргаан дагуулсан байна. Хайрин тайзны хамгийн захын суудалд суусан бол Ханна Додд хөтлөгчийн яг дэргэд байрласан нь олон хүний анхаарлыг татжээ. Хэдийгээр 4-р улирлын гол романтик шугамыг Хайрин болон Люк Томпсон нарын дүрүүд авч явдаг ч энэхүү зохион байгуулалт нь Ханна Додд, Люк Томпсон нарыг гол хос мэт харагдуулсан гэж зарим фенүүд шүүмжилсэн байна.

Хэвлэлийн контентод дүр төрхийг нь бүдгэрүүлсэн үйлдлүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гаргасан зарим үйлдэл мөн ялгавартай хандлагын жишээ болсон гэж шүүмжилж байна. Зарим хэвлэл ярилцлагын бичлэг дээр Хайрины нэрийг буруу бичсэнээс гадна, бараг хоёр минут үргэлжилсэн видео ярилцлагын турш түүний нүүрэн дээр усны тэмдэг давхарласан тул дүр төрх нь бүдэг, танигдахын аргагүй болсон байв. Бага хэмжээтэй сурталчилгааны зургуудад ч Хайрин виньетка эффект, усны тэмдэгт дарагдаж, кадраас бараг “алга болсон” мэт харагдсан тохиолдлууд олон байсан гэж онцолжээ.

Иймэрхүү явдлууд давтагдах тусам дотоодын болон олон улсын интернэт хэрэглэгчид үүнийг санамсаргүй алдаа бус, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хандлагын илрэл гэж үзэж, хүчтэй шүүмжилж байна. Испанийн сурталчилгааны үеэр Хайринд удаа дараа гарсан ийм байдал нь “зүгээр нэг андуурал” гэж үзэх боломжгүй гэж тэд тэмдэглэжээ. Өмнө нь Францад хийсэн сурталчилгааны үеэр ижил асуудал огт ажиглагдаагүй нь уур бухимдлыг улам нэмэгдүүлсэн.

Хайрины өмнөх туршлага ба олон нийтийн уур амьсгал

Сиднейд төрж өссөн Солонгос–Австрали гаралтай Хайрин өмнө нь өгсөн нэгэн ярилцлагадаа сургуульд байхдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч байсан тухайгаа ярьсан. Тэрээр:

“Би жүжигчин болох шийдвэрийнхээ ачаар бэрхшээлийг даван туулсан. Хэцүү байх тусам би жүжиглэлтэд илүү их автсан нь миний эдгэрэлт болсон”

гэж хэлсэн байдаг.

Өмнө нь ийм туршлагыг туулж байсан жүжигчин Испанид сурталчилгааны явцад дахин гадуурхагдсан мэт дүр зураг олон нийтэд хүрсэн нь үзэгчдийн сэтгэл дундуур байдлыг улам лавшруулж байна. “Bridgerton 4”-ийн сурталчилгааны кампанит ажлыг дагалдсан эдгээр маргаанууд цувралын ард ажиллаж буй талуудын олон янзын байдал, төлөөллийн бодлогыг эргэн харах шаардлагатай гэсэн шүүмжлэлийг ч дагуулж байна.

Bridgerton 4-ийн нээлтийн хуваарь

Хайрин гол дүрд тоглосон “Bridgerton 4-р улирал” цувралын 1-р хэсэг өнгөрсөн сарын 29-нд Netflix платформ дээр цацагдсан. 2-р хэсгийг ирэх 26-нд олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Агалак 2 сар 19, 2026 - 16:17

Урлагт ялгаварлал байж болохгүй гэж бодож байна

Хариулах
Кутуй 2 сар 19, 2026 - 16:23

Ийм асуудал гарсан нь харамсалтай юм

Хариулах

Сэтгэгдэл үлдээх