1980-аад оны үеийн соёлын бэлгэ тэмдэг болсон “Сүнс ангуучид” кино болон үзэгчдийн сайн мэдэх “Charles in Charge” инээдмийн цувралаар танигдсан жүжигчин Женнифер Раньон таалал төгсжээ. Эрүүл мэндийн асуудалтай удаан хугацаанд тэмцсэн тэрээр гуравдугаар сарын 6-нд хорвоог орхисон байна.
Холливүүдийн 1980-аад оны дэлгэцийн танил дүрүүдийн нэг болсон Женнифер Раньоны нас барсан тухай мэдээ түүний шүтэн бишрэгчдэд хүнд цохилт боллоо. Удаан хугацаанд өвчинтэй тэмцэж байсан жүжигчин өнгөрсөн баасан гарагт амьсгал хураасан бөгөөд энэ мэдээллийг түүний ойрын найз, хамтран ажиллагч Эрин Мерфи болон гэр бүлийнхэн нь баталгаажуулжээ.
“Энэ бол урт бөгөөд хүнд зам байсан”
Ар гэрийнхэн болон ойрын дотнын хүмүүсийн гаргасан мэдэгдэлд Женнифер Раньоны амьдралын туршид харуулсан хайр халамж, үнэнч сэтгэл үргэлж дурсагдана гэдгийг онцолсон байна. Тэд мэдэгдэлдээ, “Өнгөрсөн баасан гарагийн орой бидний хайртай Женнифер таалал төгслөө. Энэ бол урт бөгөөд хүнд зам байсан бөгөөд тэр гэр бүлийнхнийхээ дэргэд эцсийн мөчөө өнгөрөөлөө. Түүний амьдралыг хайрлах хайр, гэр бүл, найз нөхөддөө үнэнч байсан чанар нь үргэлж дурсагдах болно. Тайван нойрс доо, бидний хайрт Женн” хэмээн дурджээ.
Үхлийн шалтгааныг одоогоор зарлаагүй байна
Жүжигчний нас барсан шалтгааныг албан ёсоор мэдээлээгүй байна. Гэхдээ түүнийг удаан хугацаанд хүнд өвчинтэй тэмцэж байсан нь тодорхой болоод байгаа юм.