“Хувь заяаны хүлээс” нэртэй уянгын драмын жүжиг хоёрдугаар сарын 12-ноос тайзнаа тоглож эхлэхээр товлогдлоо. Эл бүтээл нь Валентин Красногоровын зохиолоос сэдэвлэсэн бөгөөд найруулагч О.Итгэл найруулсан байна. Дүрүүдэд жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар ажиллаж, тайзнаа хоёр дүрийн дотоод зөрчил, харилцааны ээдрээтэй өнгийг уянгын өнгөөр гаргахыг зорьжээ.
Жүжгийг ердөө дөрөвхөн удаа үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн нь тоглолтын тоо хязгаарлагдмал, цаг хугацааны хувьд “алгасахын аргагүй” боломж болгож байна. Өрнөл нь тэтгэвэрт гарах дөхсөн циркийн жүжигчин алс бөглүү тосгонд очиж, нэгэн эмэгтэйн хажуу өрөөг түрээслэх шийдвэр гаргаснаар эхэлнэ. Танихгүй орчин, танихгүй хүнтэй нүүр тулсан энэ уулзвар дээр хоёр хүний амьдралын хэмнэл огт өөрөөр эргэж, өнгөрснөө эргэн харах, өөрийгөө шинээр ойлгох нөхцөл үүснэ. Тайзнаа том үйл явдлаас илүүтэй хүний сэтгэлийн хөдөлгөөн, сонголт, дотоод тэмцлийг нягт өгүүлэхээр бэлтгэж буйг уран бүтээлчид онцолжээ.
“Хувь заяаны хүлээс” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой.