Бельведер музейтэй хамтран бүтээсэн шинэ загвар
LEGO Group Вена хотын Бельведер музейтэй хамтран Австрийн алдарт зураач Густав Климтийн “Үнсэлт” бүтээлээс сэдэвлэсэн шинэ набор гаргахаар болжээ. ARTnews-ийн мэдээлснээр, уг иж бүрдэл 4 мянган деталтай байх бөгөөд уран зурагт суурилсан LEGO-ийн хамгийн том набор болох юм.
Шинэ бүтээгдэхүүний худалдаа 8-р сарын 1-нээс эхэлнэ. Анхны зурагтай харьцуулахад LEGO хувилбар нь гурван хэмжээст мэдрэмжтэй байх аж. Угсрах явцад композици дахь зарим хэсгийг давхарлан байрлуулах бөгөөд энэ нь бүтээлд илүү гүн, эзлэхүүнтэй харагдах эффект өгөх юм.
Худалдан авагчид цаасан заавраас гадна LEGO Builder аппликейшнээр дамжуулан интерактив 3D заавар ашиглах боломжтой.

Угсарсны дараа хананд өлгөж болно
Наборын бүтээл дээр Бельведер музейн XIX–XX зууны урлагийн куратор Стефани Ауер ажилласан байна. Тэрээр LEGO-ийн загварын ахлах дизайнер Милан Маджтай хамтран Климтийн бүтээлийн онцлог, хээ угалз, уур амьсгалыг аль болох нарийн дамжуулахыг зорьжээ.
Жинхэнэ “Үнсэлт” зураг 180 × 180 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй бол LEGO хувилбар 60 × 54 см хэмжээтэй, 4 см зузаантай байна. Угсарч дууссаны дараа бүтээлийг хананд өлгөх боломжтой бөгөөд ар талд нь хадаас эсвэл дэгээнд тогтоох тусгай бэхэлгээ хийжээ.
LEGO өмнө нь ч алдарт урлагийн бүтээлүүдээс санаа авч набор гаргаж байсан. Тэдгээрийн дунд Клод Монегийн “Усан сараана”, Винсент ван Гогийн “Наранцэцэг”, Леонардо да Винчигийн “Мона Лиза”, Кацушика Хокусайн “Их давалгаа”, Роберт Индианагийн LOVE баримлаас сэдэвлэсэн загварууд багтдаг.