Киноны агуулга
Дэлхийн алдарт дуучин Селин Дионы хувийн амьдрал, уран бүтээлийн замнал болон мэдрэлийн ховор өвчинтэй хэрхэн тэмцэж буйг харуулсан баримтат кино үзэгчдэд хүрэхээр болжээ.
Тэрээр 2022 оны арванхоёрдугаар сард өөрийгөө мэдрэлийн ховор эмгэгтэй болохыг олон нийтэд мэдэгдсэн бөгөөд үүний улмаас 2023 оны хаварт төлөвлөж байсан тоглолтуудаа хойшлуулсан юм.
“I Am: Celine Dion” кино
Тайзнаас хол байсан хугацаандаа эмчилгээ хийлгэж, биеийн байдлаа сайжруулахад анхаарч байсан тэрээр энэ үеийнхээ сэтгэл хөдлөл, туршлагыг “I Am: Celine Dion” нэртэй баримтат кинонд тусгахаар шийджээ.
Селин Дион: “Би амьдралынхаа энэ хэсгийг баримтжуулахаас гадна энэ ховор өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж ижил оноштой хүмүүст туслахыг хүссэн” гэв.
Найруулга болон зорилго
Энэхүү бүтээлийг “Оскар”-т нэр дэвшиж байсан баримтат киноны найруулагч Айрин Тэйлор найруулсан бөгөөд кино нь дуучны уран бүтээл болон хувийн амьдралын талаар илүү гүнзгий харуулах зорилготой юм.
Өвчний тухай
Селин Дионы оношлогдсон эмгэг нь “хөшүүн хүний хам шинж” бөгөөд мэдрэлийн системд, тэр дундаа тархи болон нугасанд нөлөөлдөг ховор өвчин юм. Энэ нь булчин чангарч, их бие болон мөчөөр өвдөх шинж тэмдэг илрэхээс гадна хөдөлгөөний чадварыг бууруулдаг.
Ийм өвчтэй хүмүүсийн хувьд хэвтрийн дэглэмд орох, тэргэнцэр хэрэглэх, өөрийгөө асрах чадвараа алдах зэрэг эрсдэл үүсдэг байна.
Нээлтийн мэдээлэл
Кино хэзээ албан ёсоор нээлтээ хийх нь одоогоор тодорхойгүй байгаа ч “Amazon Prime Video” платформоор үзэгчдэд хүрэхээр төлөвлөгдөж байна.