“Sony Pictures” компани Америкийн санхүүч Жеффри Эпштинтэй холбоотой хэргийн сэдвээр цуврал кино хийхээр болсон талаар мэдээлэгдлээ. Уг төсөл нь Эпштиний эсрэг олон жил үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагаа, түүнтэй холбоотой шүүхийн үйл явцын талаар авч үзэх юм.
Цувралыг сэтгүүлч Жули К. Брауны “Perversion of Justice: The Jeffrey Epstein Story” номоос сэдэвлэн бүтээхээр төлөвлөжээ. Киноны гол үйл явдалд сэтгүүлчийн олон жилийн мөрдлөг, үүний үр дүнд Эпштин болон түүний ойрын хүрээний хүн гэгддэг Гислейн Максвелл нарын хэрэг дахин олны анхааралд орж, баривчлагдсан үйл явцыг харуулах аж. Мөн бодит гэрчийн мэдүүлэг, шүүхтэй холбоотой материалуудыг ашиглах талаар дурдсан байна.
Гол дүрд Лора Дерн тоглоно
Сэтгүүлч Жули К. Брауны дүрийг Оскарын шагналт жүжигчин Лора Дерн бүтээхээр болжээ. Цувралын танилцуулгад уг бүтээлийг Эпштин Холбооны прокуроруудтай байгуулсан нууц тохиролцоог ил болгох сэтгүүлчийн мөрдөн сурвалжилсан түүх гэж тодорхойлсон байна.
Хэрэгтэй холбоотой материалууд дахин анхаарал татав
Мөн 2026 оны нэгдүгээр сард АНУ-ын Хууль зүйн яамнаас Эпштиний хэрэгтэй холбоотой олон тооны баримт материалыг ил болгосон талаар мэдээлэл гарсан. Эдгээр материалд олон нийтийн танил хүмүүсийн нэр дурдагдсан гэх мэдээлэл бий. Гэхдээ нэр нь баримтад орсон нь тухайн хүмүүсийг ямар нэгэн гэм буруутайг автоматаар нотлохгүй гэдгийг ялгаж ойлгох шаардлагатай юм.