Нүүр хуудас Кино“Stranger Things” төгсгөлийн бүлэг: Хокинс хотын түүх эцэслэв

“Stranger Things” төгсгөлийн бүлэг: Хокинс хотын түүх эцэслэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2016 онд эхэлсэн аялал 2025 онд төгслөө

2016 оны зуныг “Netflix”-ийн аймшиг, уран зөгнөлт төрлийн “Stranger Things”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Инди царай, 80-аад оны ретро уур амьсгал, ер бусын айдас, нөхөрлөл, урвуу ертөнцийн нууц… Энэ бүхэн найман жилийн турш дэлхий даяарх үзэгчдийг дэлгэцнээс нь “салгахгүй” барьж ирсэн. Харин одоо тус цувралын сүүлийн бүлэг албан ёсоор цацагдаж, Хокинс хотын түүх төгсгөлийн шатандаа орлоо.

Түүх хаанаас үргэлжилж байна вэ?

Шинэ улирлын үйл явдал 1987 оны арваннэгдүгээр сарын 3-нд эхэлнэ. Энэ өдөр нь анхны улирлын гол үйл явдлын эхлэл болсон, Уилл Баярс алга болсны дөрвөн жилийн ойн өмнөх гурван хоног юм.

Дөрөвдүгээр улирлын төгсгөлд урвуу ертөнцөөс Хокинс хот руу нээгдсэн ан цавуудын дараа 18 сар өнгөрчээ. Үүнээс хойш Хокинс хотыг цэргийн хорионд оруулж, гадаад ертөнцөөс бараг тусгаарласан байна. Засгийн газрын ажиллагааг Доктор Кэй (Линда Хамилтон) удирдаж, тэр Элевенийг (Милли Бобби Браун) уйгагүй хайж, түүний чадавхийг ашиглан нөхцөл байдлыг хяналтад авахыг оролдсоор.

Гэвч үүний зэрэгцээ гол аюул хэвээр үлдсэн. Векна урвуу ертөнцөд нуугдан, довтлох шинэ цаг мөчөө хүлээж, бүхнийг сүүдэр дундаас ажиглан, дараагийн алхмаа тооцоолсоор байна. Хокинс хотын ирээдүй, тэнд амьдарч буй хүүхдүүдийн хувь заяа урьд өмнөхөөсөө ч ихээр савлагаанд оржээ.

Эхний бүлэгт хийгдсэн хүндэтгэл: “The Vanishing of Holly Wheeler”

Netflix дээр тавдугаар бүлгийн хоёрдугаар ангийг “The Vanishing of…” гэсэн дэд гарчигтайгаар жагсаалтад харуулж байгаа ч, кредит дээрх жинхэнэ нэр нь “The Vanishing of Holly Wheeler” гэж гардаг.

Энэ нь санаандгүй сонголт биш. Цувралын хамгийн анхны анги болох “Chapter One: The Vanishing of Will Byers”-т хүндэтгэл үзүүлж, төгсгөлийн бүлгийн эхэн хэсэгт анхны бүлгийг санагдуулам нэр өгөх замаар бүтэн түүхийг нэг тойрогт хааж буй зохиомж юм. Эхлэл, төгсгөл хоёроо ийнхүү толь мэт тулгасан нь цувралын бүтэц, драматургид онцгой өнгө нэмжээ.

Дэлхий даяарх үзэлтийн рекорд, залуу жүжигчдийн карьерийн “дахин төрөлт”

“Stranger Things” зөвхөн шүүмжлэгчдийн биш, үзэгчдийн хувьд ч жинхэнэ үзэгдэл болсон. Netflix-ийн мэдээлснээр зөвхөн дөрөвдүгээр улирал л гэхэд 140 сая гаруй удаа үзэгдсэн бөгөөд энэ нь нийтдээ 1.8 тэрбум цагийн үзэлттэй тэнцэж байна.

Цувралыг үзэх хүмүүс нэмэгдсэн нь зөвхөн стримингийн тоонд нөлөөлөөд зогсохгүй тухайн үед үл мэдэгдэх шахуу байсан залуу жүжигчдийг дэлхийн хэмжээний жүжигчин болгосон. Милли Бобби Браун, Финн Вулфхард, Гэйтен Матараццо, Калеб МакЛафлин, Ноа Шнапп зэрэг гол дүрийн жүжигчдийн нэр хүнд “Stranger Things”-ийн амжилттай шууд хамт өссөн. Тэдний карьерийн гарааны цэгийг ярьж эхлэхэд энэ цувралыг тойрон ярих боломж үгүй болсон.

Төгсгөл хэрхэн цацагдаж байна вэ?

Сүүлийн бүлгийн эхний дөрвөн анги одоогоор Netflix-д тавигдаж, үзэгчдэд нээлттэй болсон. Харин жинхэнэ “төгсгөлийн өрнөл” болох үлдсэн ангиуд нь ирэх сарын сүүлчээр платформ дээр байрших бөгөөд ингэснээр цуврал бүрэн хэмжээндээ дуусна.

Товчхондоо:

  • Одоо та финалын бүлгийн эхний хэсгийг үзэх боломжтой
  • Харин түүхийн сүүлчийн цохилт, үнэн мөч, эцсийн тулалдаан, хэн үлдэх, хэн алга болохыг дараагийн сард л харах болно

Эхний улирлын жоохон хүүхдүүдээс эхэлсэн түүх, ер бусын айдас, нөхөрлөлийн үнэ цэнэ, гэр бүл, золиос, урвуу ертөнцийн цуурай… Энэ бүхний төгсгөл хэрхэн бичигдэхийг Stranger Things-ийн фэнүүд одоо л жинхэнэ утгаар нь мэдэх гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх