Америкийн жүжигчин Зендея Ром хотноо болсон “The Drama” киноны нээлтэд Кейт Бланшеттын 2025 оны Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр өмсөж байсан Armani Privé-ийн даашинзтай хүрэлцэн ирсэн талаар Vogue сэтгүүл мэдээллээ.
“The Drama” киноны сурталчилгааны ажлын хүрээнд Зендея болон түүний стилист Ло Роуч нар хуримын эртний уламжлал болох “хуучин зүйл, шинэ зүйл, зээлсэн зүйл, цэнхэр зүйл” (something old, something new, something borrowed, something blue) гэсэн сэдвийг баримтлахаар шийджээ.
Энэхүү төлөвлөгөөний дагуу жүжигчин бүсгүй Лос-Анжелест болсон нээлтэд 2015 оны Оскарын шагнал гардуулах ёслолд өмсөж байсан Vivienne Westwood-ийн торгон даашинзаа (“хуучин зүйл”) дахин сонгосон юм. Харин Парисын нээлтийн үеэр тэрээр Louis Vuitton брэндээр тусгайлан захиалж хийлгэсэн цагаан даашинзаар (“шинэ зүйл”) гоёсон байна.

3 дугаар сарын 26-нд Ромд болсон нээлтэд Зендея Кейт Бланшеттын 2025 оны 8 дугаар сард өмсөж байсан, бэлхүүс тодотгосон, гүн ухлаадастай Armani Privé-ийн хар даашинзыг (“зээлсэн зүйл”) өмсөж ирсэн нь олны анхаарлыг татлаа.
Стилист Ло Роуч өөрийн Instagram хуудаснаа “Баярлалаа, Кейт Бланшетт” хэмээн бичиж талархлаа илэрхийлжээ. Зендея уг төрхөө очир эрдэнийн ээмэг болон нүсэр бөгжөөр чимсэн байна.
“The Drama” кино 4 дүгээр сарын 1-нээс эхлэн кино театруудаар гарна. Уг бүтээлд номын дэлгүүрт ажилладаг Эмма Гарвуд болон Кембрижийн урлагийн музейн захирал Чарли Томпсон нарын түүхийг өгүүлдэг. Урлаг, номд дуртай хосууд хуримын бэлтгэлээ базааж байтал нэгэн үдэшлэгийн дараа нууц задарч, тэдний харилцаа томоохон сорилттой тулгардаг байна.

2 сэтгэгдэлүүд
Оддын хувцаслалт дандаа анхаарал татдаг шүү
Зендея үнэхээр стильтэй харагдаж байна