Сүүлийн жилүүдэд урлагийн ертөнцийг донсолгосон нээлтүүдийн нэг бол алдарт уран зураач Жозеф Мэллорд Уильям Тёрнерийн анхны тосон зураг болох The Rising Squall-ийн дахин илрэлт юм. 150 жилийн турш ор сураггүй байсан энэ бүтээл сэргээн засварлах ажлын үеэр олдсон бөгөөд удалгүй дуудлага худалдаагаар зарагдах гэж байна.
Бристолын эртний дүр зураг
The Rising Squall хэмээх уг бүтээлд Бристол дахь хуучны халуун рашаан бүхий газрыг, Авон голын зүүн эрэг дээрээс харуулсан байдаг. Энэ бол Клифтоны дүүжин гүүр баригдахаас өмнөх үеийн дүр зураг юм. Уран зураг нь бараан өнгө давамгайлсан, тэнгэр бүрхэг, сүр жавхлантай дүр төрхтэй.
Уг бүтээл анх 1793 онд, Тёрнерийн 18 насны төрсөн өдрөөс гурав хоногийн дараа, Их Британийн Хааны урлагийн академид үзэсгэлэнд тавигдсан байна. Тухайн үед түүнийг эцгийнхээ үсчинд үйлчлүүлдэг байсан Реверен Рoберт Никсон нэртэй хүн худалдан авчээ. Түүний нас барсны дараа хүү нь уг зургийг өвлөн авсан бөгөөд 1858 онд Австралийн Тасмани мужид хамгийн сүүлд олон нийтэд үзүүлсний дараа ор сураггүй болсон аж.
Урлагийн нуугдмал эрдэнэ дахин ил гарлаа
Уг зургийг сэргээн засварлах явцад Тёрнерийн гарын үсэг ил гарсан нь энэхүү бүтээлийг түүнийх гэдгийг нотолсон томоохон баримт болсон. Тэр хүртэл уг зураг нь акварель буюу усан будгийн бүтээл гэж андуурагдаж байсан тул Тёрнерийн тосон зургуудын каталогоос хасагдсан байжээ.
Сотбигийн дуудлага худалдааны газрын ахлах мэргэжилтэн Жулиан Гаскойн хэлэхдээ:
«Энэ зураг бол Тёрнерийн анхны уран зургийн арга барилыг ойлгоход тун сонирхолтой бөгөөд сургамжтай бүтээл юм.»
Тэрээр мөн:
«Тёрнерийг ихэвчлэн усан будгийн зураач гэдгээр нь мэддэг ч энэ зураг түүнийг залуу насандаа тосон будгаар уран бүтээл туурвих эрмэлзэлтэй, авьяастай нэгэн байсан гэдгийг илтгэж байна.» хэмээн нэмж хэлжээ.
Лондон дахь үзэсгэлэн, дуудлага худалдаа
The Rising Squall зургийг 6-р сарын 28-наас 7-р сарын 1-ний хооронд Лондон хот дахь Сотбигийн үзэсгэлэнд олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд дуудлага худалдаагаар 300,000 фунт стерлинг хүртэл үнэлэгдэх төлөвтэй байна.
Түүхэн аяллын нэгэн хэсэг
Тёрнерийн залуу насны аялал нь түүнийг Лондонгоос Баруун Английн бүс рүү анх удаа уран бүтээлчийн нүдээр аялахад хүргэсэн бөгөөд Бристол бол түүнд амархан, боломжийн зардлаар хүрч болох байгалийн үзэсгэлэнт газар байсан гэж Гаскойн тайлбарлав.
Тёрнерийн намтрын дурсамжуудад уг зургийн талаар дурдагдаж байсан ч олон арван жилийн турш хэн ч түүнийг тосон зураг гэж таньж чадаагүй нь дахин олдтол нь ор тас алга болсон шалтгаан болжээ.