Хадам ээждээ баяр хүргэсэн нь гэр бүлийн маргааныг дахин сөхөв
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн ууган хүү Бруклин Бекхэм эцэг эхтэйгээ үүссэн маргааны дунд Ээжүүдийн өдөр ээж Виктория Бекхэмийг огт дурдсангүй. Түүний энэ үйлдэл олон нийтийн анхаарлыг дахин татаж, Бекхэмийн гэр бүлийн зөрчил дахин яригдах болов.
Их Британид 3-р сарын 15-нд тэмдэглэдэг Ээжүүдийн өдөр Бруклин Бекхэм ээждээ зориулсан ямар ч мэндчилгээ, пост нийтлээгүй байна. Харин тэрээр эхнэр Никола Пельцийн ээж, өөрийн хадам ээж Клаудиа Пельцийн төрсөн өдрийг тэмдэглэж, баяр хүргэсэн пост нийтэлжээ.
Тэрээр олон нийтийн сүлжээнд дараах мессежийг бичсэн байна.
“Миний хамгийн гайхалтай хадам ээжид төрсөн өдрийн мэнд хүргэе. Би танд маш их хайртай. Та үнэхээр гайхалтай өдрийг өнгөрүүлсэн гэж найдаж байна.”
Бруклин мөн эхнэр Никола Пельц болон Клаудиа Пельцтэй хамт авахуулсан гэрэл зургаа нийтэлсэн байна. Харин энэ үеэр Дэвид Бекхэм болон түүний бусад хүүхдүүд болох Ромео, Круз, Харпер нар Виктория Бекхэмд Ээжүүдийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, олон нийтийн сүлжээнд баярын үгс бичжээ.
Бруклин Бекхэм ба эцэг эхийн хоорондын зөрчил
Бруклин Бекхэм өнгөрсөн жилээс эхлэн эцэг эхтэйгээ таагүй харилцаатай болсон тухай мэдээлэл гарч эхэлсэн. Энэ оны нэгдүгээр сард тэрээр сошиал сүлжээнд мэдэгдэл хийж, одоогоор эвлэрэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрээр ингэж хэлжээ.
“Би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө дуугарч байна. Миний эцэг эх манай гэр бүлийн тухай түүхийг хэвлэл мэдээллээр миний бүх амьдралын турш удирдаж ирсэн. Сүүлийн үед тэд өөрсдийн нэр хүндийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллээр олон худал мэдээлэл тараахдаа, бараг гэмгүй хүмүүсийг хүртэл золиослох хэмжээнд хүрдгийг би өөрийн нүдээр харсан.”
Мөн тэрээр ээж Виктория Бекхэм эхнэр Никола Пельцтэй холбоотой асуудалд оролцсон талаар дурдсан байна.
“Ээж маань Никола миний зохион бүтээсэн даашинзыг өмсөнө гэж их догдолж байсан ч хамгийн сүүлчийн мөчид даашинз хийлгэхийг нь цуцалсан. Түүнчлэн манай хурим дээр хийх ёстой байсан миний анхны бүжгийг хүртэл өөр дээрээ авсан.”
Үүнээс гадна Бруклин Бекхэм эцэг эх Дэвид болон Виктория Бекхэмд өөрийнх нь нэрийг олон нийтийн өмнө дурдахгүй байхыг хүссэн бөгөөд цаашид харилцааг зөвхөн хуульчдаар дамжуулан явуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Бруклины ийм хүсэлтийг үл харгалзан Дэвид болон Виктория Бекхэм нар 4-нд болсон түүний 27 насны төрсөн өдрөөр олон нийтийн сүлжээнд баярын мэндчилгээ нийтэлсэн хэвээр байжээ.