Олон жилийн гэрлэлтийн дараах хөрөнгийн хуваарилалт
Жүжигчин Жессика Альба болон продюсер Кэш Уоррен нар 16 жилийн гэрлэлтийн дараа албан ёсоор салж, хөрөнгийн хуваарилалтын нөхцөл ил болсон байна. TMZ-ийн мэдээлснээр Альба гэрлэлтийн хугацаанд олсон киноны орлого, роялти төлбөрийнхөө 50 хувийг хуучин нөхөртөө шилжүүлэхээр тохиролцжээ.
44 настай Жессика Альба 2025 оны хоёрдугаар сард салах өргөдлөө өгсөн бөгөөд гэр бүл салалтын үйл явц нэг жил үргэлжилсний эцэст 2026 оны хоёрдугаар сарын 12-нд албан ёсоор дууссан байна. Тэр хугацаанд олсон орлогоос, тухайлбал “Sin City: A Dame to Kill For” киноноос авсан 1–2 сая ам.долларын орлого ч энэ хуваарилалтад багтжээ.
Хөрөнгө, хувьцаа болон нэмэлт нөхцлүүд
Гэрээний дагуу Жессика Альба өөрийн одоогийн орон сууцанд байгаа тавилга, хувцас, үнэт эдлэлээ хадгалж үлдсэн. Мөн Audi Q6 E-tron, Kia Sportage 2025 болон 2026 загварын автомашинууд, гэр бүлийн зарим банкны данс дахь мөнгө түүнд үлджээ.
Харин Popchips, WeWork, Hopscout, Sona Labs, Telly Inc зэрэг компаниудын хувьцааг тэд тэнцүү хуваахаар болсон байна. Мөн хуучин гэр бүлийн байрны тавилга, урлагийн бүтээлүүд, нислэгийн бонус оноог мөн адил хуваах аж.
Сонирхолтой нь, тэд гурван хүүхэдтэй ч алимент тогтоогоогүй байна. Харин санхүүгийн тэнцвэрийг хангах үүднээс Альба Кэш Уорренд 3 сая ам.доллар төлөхөөр болжээ. Үүнээс гадна Кэш Уоррен Жессикагийн үүсгэн байгуулсан The Honest Company компанийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмших эрхтэй болсон байна.
Мөн гэрлэлтийн хугацаанд Альбагийн оролцсон бүх уран бүтээл, тухайлбал “The Office”, “Little Fockers”, “Spy Kids 4”, “Sin City: A Dame to Kill For” зэрэг төслүүдийн орлогоос 50 хувийг Кэш Уоррен авах нөхцөл гэрээнд тусгагджээ.