Монгол гаралтай жүжигчин, загвар өмсөгч Саруултуяагийн Хүслэн АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт хүний амь хөнөөхийг завдсан болон мансууруулах бодистой холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа талаар мэдээлжээ.
Цагдаагийн мэдээллээр хэрэг аравдугаар сарын 12-ны үүрээр болсон байна. “Uber Eats”-ийн хоол хүргэлтийн жолооч захиалга хүргэх үеэрээ нэгэн эмэгтэйтэй ярилцаж, дараа нь утасны дугаарыг нь авахаар тухайн газарт буцаж очсон гэх мэдээлэл байна.
Энэ үед эмэгтэйн найз залуу гэх 33 настай С.Хүслэн жолооч руу буу чиглүүлж, газарт хэвтэхийг шаардсан гэж цагдаагийн тайланд дурджээ.
Улмаар буудсан сум жолоочийн өгзөгний баруун хэсгийг шүргэсэн бөгөөд дараа нь гар бууны бөгсөөр толгойн ар хэсэгт цохиж, заналхийлсэн гэж хохирогч мэдүүлсэн байна. Жолооч хэргийн газраас зугтаж, эмнэлгийн тусламж авчээ.
Гэрт нь нэгжлэг хийхэд олон төрлийн бодис илэрсэн гэжээ
Цагдаа нар С.Хүслэнг баривчилсны дараа түүний гэрт нэгжлэг хийхэд кокаин, MDMA, кетамин, марихуан, псилоцибин агуулсан мөөг болон жороор олгодог зарим эм илрүүлсэн гэж мэдээлсэн байна.
Мөн мансууруулах бодисыг хэмжих, савлахад ашигласан байж болзошгүй тусгайлан бэлтгэсэн өрөө илрүүлсэн гэх мэдээлэл гарчээ. Түүнчлэн 11 мянга гаруй ам.долларын бэлэн мөнгө хураан авсан гэж мэдээлсэн байна.
С.Хүслэнг хүний амь хөнөөхийг завдсан, аюултай зэвсэг ашигласан болон мансууруулах бодистой холбоотой хэд хэдэн зүйл ангиар буруутгаж байгаа аж.
Шүүх түүнийг барьцаагаар суллах хүсэлтийг одоогоор зөвшөөрөөгүй тул цагдан хоригдож байгаа гэх мэдээлэл байна.
Эдгээр нь мөрдөн шалгах байгууллага болон цагдаагийн баримтад тулгуурласан буруутгал бөгөөд С.Хүслэнгийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.
С.Хүслэн Дархан-Уул аймагт төрж, найман настайдаа АНУ-д очжээ. Тэрээр тус улсад загвар өмсөгчөөр ажиллаж, мөн кино урлагийн салбарт хүч үзсэн байна.
Монголын үзэгчид түүнийг 2020 онд гарсан “Single Ladies-4: Төгсгөл ба эхлэл” уран сайхны киноны гол дүрийн нэгээр нь мэдэх юм.
Одоогоор түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.