Жүжигчин Блейк Лайвли нөхөр Райан Рейнольдсын хамт амарч буй зургуудаа сошиал сүлжээнд нийтэлсэн нь үргэлжилж буй шүүхийн маргааны дунд олны анхаарлыг татаж байна.
Өдгөө 38 настай жүжигчин бүсгүй Их Британид хийсэн аяллынхаа сонирхолтой мөчүүдээс хуваалцжээ. Тэд Уэльсийн “Wrexham” клубийн тоглолтыг үзэж, шар шувууны фермд зочлон, Лондон хотоор зугаалсан байна. Райан Рейнольдс нь тус хөлбөмбөгийн клуийн эзэмшигчдийн нэг гэдгээрээ онцлог юм.
Хэдийгээр “Wrexham” баг тухайн тоглолтод ялагдал хүлээсэн ч, нийтэлсэн зургууд дээр хосууд маш тайван, аз жаргалтай харагдаж байв. Блейк Лайвли “Тоглолтын төлөө бүхнээ зориулсан баг, тоглогчид болон цэнгэлдэх хүрээлэнд ажилладаг бүх хүнд баярлалаа. Энэ мөчийг хамтдаа хуваалцсан хүмүүс үнэхээр гайхалтай байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Шүүхийн маргаан үргэлжилсээр байна
Лайвли удахгүй болох шүүх хурлын өмнөхөн ийнхүү амралтын зургаа дэлгэсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрээр 2024 онд “It Ends With Us” киноны зураг авалтын үеэр хамтран ажилласан жүжигчин, найруулагч Жастин Бальдониг шүүхэд өгөөд байгаа билээ.
Жүжигчин бүсгүй түүнийг зураг авалтын талбай дээр зохисгүй авир гаргасан, хувийн шинжтэй таагүй сэдвүүд хөндсөн, мөн гадаад төрхийг нь доромжилсон хэмээн буруутгаж байгаа юм.
Хоёр талын зөрчил хурцадсан
Жастин Бальдонигийн баг уг нэхэмжлэлийн хариуд гүтгэлгийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасан ч Нью-Йоркийн шүүх үүнийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин үндсэн хэрэг 5 дугаар сарын 18-нд хэлэлцэгдэхээр товлогджээ.Энэхүү маргааны улмаас Блейк Лайвли зарим ойрын харилцаагаа алдсан гэх мэдээлэл гарсан бол Бальдони хэд хэдэн кино төслөөс хасагдсан тухай мэдэгдсэн байна.
