Реппер Offset гэрлэлтээ цуцлуулах ажиллагааны үеэр эхнэр Карди Би болон NFL-ийн тамирчин Стефон Диггстэй холбоотой төрсөн хүүхдийн эцгийг тогтоолгох хүсэлт гаргаснаар шинэ маргаан дэгдээлээ.
Америкийн энтертайнмент хэвлэлүүдийн мэдээлснээр, Offset өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд шүүхэд баримт бичиг өгч, Карди Би-тэй үргэлжилж буй салалтын хэрэг дээр ДНХ шинжилгээ хийх хүсэлт гаргасан байна. Тэр дундаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Карди Би болон Диггсийн дундаас төрсөн хүүхдийн эцгийг тогтоолгохыг хүсжээ.
Гэвч шүүх түүний хүсэлтийг бүхэлд нь хүлээж аваагүй байна. Мэдээллээр “нярай” гэж тэмдэглэгдсэн хүүхдэд эцэг тогтоох шинжилгээ хийх хүсэлтийг хэрэгсээгүй бөгөөд оронд нь Карди Би-ийн өөр нэг хүүхдэд л ДНХ шинжилгээ хийхийг зөвшөөрчээ. Гэхдээ шүүхийн материалд дурдсан хүүхдүүдийн яг төрсөн он сар өдөр ил болоогүй байна.
Карди Би, Offset нар долоон настай Культура нэртэй охин, дөрвөн настай Уэйв нэртэй хүү, нэг настай Блоссом нэртэй бага хүүхэдтэй юм. Хосууд 2017 онд үерхэж эхэлж, мөн тэр жилдээ нууцаар гэрлэсэн ч Offset-ийн араар тавилтын тухай хардлагаас болж олон удаа салж, эргэн нийлж байжээ.
Карди Би 2024 оны долоодугаар сард дахин салах өргөдлөө өгсөн бөгөөд маргааш нь жирэмсэн болсноо зарласнаар олны анхаарлыг татсан юм. Тэр мөн оны есдүгээр сард хамгийн бага хүүхдээ төрүүлжээ. Үүний дараа Карди Би Стефон Диггстэй дотно харилцаатай болж, 2025 оны есдүгээр сард түүнээс анхны хүүхдээ тээж байгаагаа мэдэгдсэн байна. Уг хүүхэд 2025 оны арваннэгдүгээр сард төрсөн ч нэрийг нь олон нийтэд зарлаагүй байгаа аж.
Сүүлийн үед Карди Би, Диггс нарыг сошиал сүлжээнд бие биеэ дагахаа больсны дараа салсан байж магадгүй гэх яриа гарсан. Харин дараа нь Диггс Карди Би-ийн тоглолтын газар очсон нь тэд эргэн нийлсэн байж болзошгүй гэсэн шинэ таамгийг дэврээжээ.