Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесOffset Флоридад буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн нь фенүүдийг цочирдууллаа

Offset Флоридад буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн нь фенүүдийг цочирдууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Migos-ийн гишүүн байсан рэпперийн биеийн байдал тогтвортой байгаа ч буут халдлагын шинэ хэрэг дахин түгшүүр төрүүлэв

АНУ-ын хип-хопын ертөнцөд нэр нөлөөтэй Migos хамтлагийн гишүүн асан Offset Флорида мужид буудуулж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл олон нийтийг цочирдууллаа. Түүний хамтлагийн гишүүн Takeoff гурван жилийн өмнө буут халдлагын улмаас амиа алдсаны дараа ийнхүү дахин ижил төрлийн хэрэг гарсан нь шүтэн бишрэгчдэд хүнд цохилт болж байна.

TMZ, Daily Mail зэрэг олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, орон нутгийн цагаар энэ сарын 6-ны өдөр Оффсет Флорида мужийн Холливуд хот дахь “Seminole Hard Rock Hotel & Casino” орчимд буудуулжээ. Оффсетийн талын төлөөлөгч энэхүү мэдээллийг баталж, “Аз болоход түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд одоогоор эмнэлэгт эмч нарын хяналтад тэнхэрч байна” гэж мэдэгдсэн байна.

Энэхүү явдлыг улам эмзэг болгосон зүйл нь хэрэг гарахын яг өмнөхөн Оффсет фенүүдтэйгээ уулзаж, тун тайван байсан явдал юм. Гэрчүүдийн ярьснаар тэрээр казиногийн хүлээн авах (valet) хэсэгт утсаар ярьж зогсохдоо өөрийг нь таньж очсон хүмүүстэй найрсгаар мэндэлж, зураг хүртэл хамт татуулж байжээ.

Гэвч энэхүү тайван байдал оройн 19:00 цагийн орчимд гэнэт гарсан буун дуугаар тасалдсан байна. Seminole-ийн цагдаагийн газар албан ёсоор, “Хүлээн авах хэсэгт хэрэг гарч, нэг эрэгтэй амь насанд аюулгүй гэмтэлтэйгээр ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн. Цагдаа нар хэргийн газарт шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг хяналтдаа авч, хоёр сэжигтнийг баривчилсан” хэмээн мэдээллээ.

Takeoff-ийн үхлээс хойших шарх аниагүй байхад шинэ хэрэг гарч, хип-хопын ертөнцийг дахин цочоолоо

Энэхүү хэрэг гурван жилийн өмнөх эмгэнэлт явдлыг шүтэн бишрэгчдэд нь дахин санууллаа. 2022 онд “Migos” хамтлагийн өөр нэг гишүүн Тэйкофф Хьюстон хотын боулингийн төвийн ойролцоо буудуулж амиа алдсан нь тус хамтлаг үндсэндээ тарах гол шалтгаан болсон билээ. Тухайн үед Оффсет соло цомгийнхоо нээлтийг хойшлуулж, дотны хамтрагчаа алдсандаа гүнээ эмгэнэж байсан юм.

Тиймээс өмнө нь хамтлагийнхаа гишүүнийг зэвсэгт хүчирхийллийн улмаас алдсан Оффсет өөрөө халдлагад өртсөн нь хип-хоп ертөнцийг дахин түгшээж байна. Энэ удаагийн гэмтэл нь амь насанд аюулгүй гэж мэдээлэгдсэн ч ийм төрлийн хүчирхийлэл давтагдсаар буйд олон хүний санаа зовнил улам гүнзгийрчээ.

Оффсет өмнөх эхнэр, нэрт рэппер Карди Би (Cardi B)-тэй дундаасаа гурван хүүхэдтэй бөгөөд сүүлийн жилүүдэд уран бүтээлээ идэвхтэй туурвиж байсан юм. Тэрээр өнгөрсөн жил “Kiari” нэртэй соло цомгоо гаргаж, бие даасан замналаа эрчимжүүлээд байлаа. Одоогоор эмнэлэгт эмчлүүлж буй Оффсетийг хэзээ гарахыг эмнэлгийн нарийвчилсан үнэлгээний дараа шийдэхээр болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх