Сүүлийн өдрүүдэд Кристина Агилерагийн шинэ төрх цахим сүлжээнд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Дуучин бүсгүй огцом жин хасаж, имижээ өөрчилсний дараа олон хүн түүнийг танихаа больсон гэж бичиж, зарим нь бүр “хийлдэг хүүхэлдэй шиг болсон” хэмээн шүүмжилжээ. 45 настай Агилера хэд хоногийн өмнө Breakthrough Prize шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр гарч ирсэн нь фенүүдийг цочирдуулж, сошиал орчинд жинхэнэ шуугиан дэгдээсэн байна.
Энэ үдэш тэрээр зоримог, нэлээд ил гаргасан хувцас сонгожээ. Агилера гүн энгэртэй савхин корсет бүхий бариу хар даашинз өмсөж, түүн дээрээ хагас тунгалаг юбкатай хослуулсан байна. Үүнийг том хэмжээний алмаазан хүзүүний зүүлт, богино цайвар үстэй шинэ засалт, чёлктой төрх, мөн даруухан өнгийн будалтаар гүйцээжээ. Бариу загварын энэ хувцас нь түүний эрс өөрчлөгдсөн бие галбир, цээжний хэсгийг тодруулсан ч олон хүний хувьд энэ өөрчлөлт эерэг сэтгэгдэл төрүүлсэнгүй.
Жин хасалт, мэс засал, шинэ нүүр төрхтэй холбоотой таамаг олширчээ
Цахим хэрэглэгчид тэр даруй хоёр тал болж хуваагдсан байна. Нэг хэсэг нь дуучин хэдэн кг турсан бол, ямар дэглэм барьсан бол гэж таамаглаж эхэлсэн бөгөөд өмнө нь ч түүнийг Ozempic хэрэглэсэн байж магадгүй гэж сэжиглэж байсан тухай дахин сөхөгджээ. Хэдхэн жилийн өмнө Кристина илүү махлаг төрхтэй байсан ч өдгөө 20 гаруй кг хассан нь илт болсон байна. Гэвч зарим хүний үзэж байгаагаар түүний одоогийн туранхай байдал нь аль хэдийн хэтэрч, өвчтэй мэт харагдах хэмжээнд хүрчээ.
Нөгөө хэсэг нь зөвхөн биеийн галбирт нь бус, нүүр царай нь бараг танигдахгүй болтлоо өөрчлөгдсөнд анхаарлаа хандуулсан байна. Сэтгэгдэл үлдээсэн хэрэглэгчид “Энэ фотошоп уу, эсвэл мэс засал уу?”, “Тэр одоо яг хийлдэг хүүхэлдэй шиг харагдаж байна”, “Уруул нь яасан юм бэ, ялангуяа дээд уруул нь…”, “Шоу бизнесийн бүх эмэгтэйчүүд яагаад ижилхэн царайтай болоод байна вэ?” хэмээн бичжээ.
Тэр ч байтугай дуучны зарим үнэнч фенүүд хүртэл хэрэв Агилера үнэхээр гоо сайхны мэс засал хийлгэсэн бол үр дүн нь төдийлөн амжилттай болсонгүй гэж үзэж байгаа аж.
Кристинаг сүйт залуу нь дагалдан иржээ
Шинжлэх ухааны салбарын “Оскар” хэмээн нэрлэдэг энэ арга хэмжээнд Кристина Агилера сүйт залуу Мэттью Ратлерийн хамт оролцсон байна. Хосууд 2010 оноос хойш хамт байгаа бөгөөд 2014 онд сүй тавьжээ. Мөн тэр жилдээ дуучин түүнээс охин Саммер Рэйнээ төрүүлсэн юм. “Грэмми”-гийн шагналт дуучны хувьд охин нь хоёр дахь хүүхэд нь бөгөөд өмнөх нөхөр Жордан Братманаас төрсөн Макс нэртэй хүүтэй билээ. Макс 2008 онд төрсөн байна.