Цахим спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “BLAST.tv Austin Major 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ зургадугаар сарын 2-22-нд АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдах гэж байна. Counter-Strike 2 (CS2) тоглоомоор зохиогдох энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас “The MongolZ” болон “Chinggis Warriors” гэсэн хоёр баг оролцохоор бэлтгэлээ базааж, албан ёсоор бүртгэгдсэн билээ.
“Chinggis Warriors” баг дэлхийн аваргын анхны буюу нэгдүгээр шатнаас оролцоно. Тэдний анхны тоглолт зургадугаар сарын 3-ны 23:00 цагт Норвегийн шилдэг багийн нэг болох “HEROIC”-ийн эсрэг явагдах бөгөөд “Bo1” буюу нэг мапаар ялагчийг тодруулах дүрмийн дагуу өрнөнө. Тус баг өдгөө АНУ-д очоод байгаа бөгөөд олон нийтэд цахим хуудсаараа дамжуулан энэ тухай мэдээлсэн. Нэгдүгээр шатанд нэг баг таван тоглолт хийх боломжтой ба гурван ялалт байгуулсан тохиолдолд дараагийн шат руу дэвших эрхээ авна.

Харин Монголын цахим спортын хамгийн өндөр зэрэглэлийн баг болох “The MongolZ” гуравдугаар шат буюу шөвгийн 16 багийн шатнаас тэмцээнд оролцох юм. Тэд зургадугаар сарын 13-ны шөнийн 01:30 цагт хоёрдугаар шатнаас дэвшин гарч ирсэн аль нэг багтай “Bo1” тоглолт хийх хуваарьтай байна. Тус баг саяхан “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээний хасагдах шатанд шалгарч, дэлхийн шилдгүүдтэй тулж туршлага хуримтлуулаад байгаа.
Мөн “The MongolZ” багийн албан ёсны ивээн тэтгэгчээр дэлхийн спортын бооцооны салбарт тэргүүлэгч 1xBet ажиллаж байгаа нь тэдний ард хүчтэй дэмжлэг оршиж байгааг илтгэнэ.

1.2 сая ам.долларын шагналын сантай энэхүү дэлхийн аваргад нийт 32 баг гурван шатлалд хуваагдаж, тойргийн системээр тоглох бөгөөд эцсийн шат буюу Playoffs-д найман баг тунаж үлдэх юм. Аваргын цом өргөсөн баг 500,000 ам.доллар, хоёрдугаар байр 170,000 ам.доллар, гурав болон дөрөвдүгээр байруудад шалгарсан багууд тус бүр 80,000 ам.долларын шагнал хүртэх хуваарьтай байна.
Монголын хоёр төлөөлөгч баг тив дэлхийн шилдэг багуудтай мөр зэрэгцэн тулалдах энэ томоохон тэмцээн нь зөвхөн спортын амжилт бус, үндэсний бахархал, залуусын хүсэл мөрөөдөл, ур чадварын баталгаа байх болно.