21 настай реппер d4vd буюу жинхэнэ нэрээрээ Дэвид Энтони Бёркийг 14 настай охины амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үеэр түүний гар утаснаас хүүхдийн бэлгийн хүчирхийллийн шинжтэй хууль бус материал илэрсэн гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар TMZ мэдээлжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Бёркийн автомашины ачааны хэсгээс 14 настай Селеста Ривасын мөчилсөн цогцос олдсон хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалт үргэлжилж байгаа юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн асуудлаар реппер шүүхэд ирэх үеэр прокурорын тал түүний гар утсыг шалгахад “асар их хэмжээний” хууль бус материал илэрсэн гэж мэдэгдсэн байна. Мэдээллээр уг хэмжээ ойролцоогоор 40 терабайт гэж дурдагджээ. Харин тэдгээр файлуудын дунд Селестатай холбоотой материал байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Энэхүү дуулиант хэрэг 2025 оны есдүгээр сард олон нийтийн анхааралд хүчтэй өртсөн. Торгуулийн зогсоолд шилжүүлсэн дуучны автомашины ачааны хэсгээс хүний мөчилсөн цогцос бүхий гялгар уутнууд олдсон юм. Машинаас эвгүй үнэр гарч байгааг анзаарсан оршин суугчид цагдаад дуудлага өгснөөр хэрэг илэрчээ. Хохирогч нь 2024 оны дөрөвдүгээр сарын 5-нд сураггүй болсон Селеста Ривас болохыг тогтоосон байна. Алга болох үедээ тэр 14 настай байжээ. Түүнийг хуруун дээрх “Shhh…” шивээсээр таньсан бөгөөд ижил шивээс d4vd-д байдаг аж.
Прокурорын байгууллагын мэдэгдэж буйгаар d4vd болон Селеста нар дотно харилцаатай байсан байж болзошгүй. Тухайн үед охин 13 настай, харин реппер 20 настай байсан гэж үзэж байна. Тэд 2022 онд фенүүдийн чатад танилцсан ч харилцаа нь хожим буюу 2023 оны есдүгээр сарын орчим эхэлсэн гэх мэдээлэл бий. Селеста тэдний холбоог илчилж, карьерыг нь сүйрүүлнэ гэж сүрдүүлсний дараа Бёрк түүнийг хөнөөсөн байж болзошгүй гэж прокурорууд үзэж байна.
Өнгөрсөн пүрэв гарагт d4vd-г цагдаа нар баривчилж, түүнд хүн амины хэрэг, 14-өөс доош насны этгээдтэй холбоотой завхай үйлдэл, мөн цогцост зохисгүй хандсан гэх зүйл ангиар ял тулгажээ. Дуучны өмгөөлөгч бүх зүйл ангиар түүнийг буруугүй гэж мэдэгдсэн байна. Шүүх хуралдаанд реппер гавтай, улбар шар өнгийн хоригдлын хувцастай оролцжээ. Дараагийн шүүх хурал тавдугаар сарын 1-нд болохоор товлогдсон байна.
Энэ хэргийн дуулиантай зэрэгцэн цахим хэрэглэгчид d4vd-ийн уран бүтээлийг дахин хэлэлцэж эхэлжээ. Тэрээр хүчирхийлэл, үхлийн тухай мөрүүдтэй Romantic Homicide дуугаараа өргөн танигдсан. Уг дуунд “Сэтгэлийнхээ гүнд би чамайг алсан, тэгээд огт харамсаагүй. Үүнийг хэлж байгаадаа итгэж чадахгүй ч үнэн нь би чамайг үзэн яддаг” гэсэн мөрүүд байдаг. Мөн репперийн нэг дуу нь амиа алдсан охины нэрээр буюу Celeste гэж нэрлэгджээ.
Дэвид Бёрк буюу d4vd 2022 онд хөгжмийн ертөнцөд хурдтай гарч ирсэн. Түүний хоёр уран бүтээл, тэр дундаа бараан уур амьсгалтай Romantic Homicide нь TikTok-д алдартай болж, сая сая сонсогчдод хүрэн Billboard Hot 100 жагсаалтад багтсан юм. Хүн амины хэрэгт баривчлагдах үедээ тэр Darkroom Records болон Interscope лейблүүдтэй гэрээтэй байсан. Одоогоор d4vd-ийн мэдээлэл хоёр компанийн албан ёсны сайтаас устгагджээ.