Лерчек нэрээр олонд танигдсан блогер Валерия Чекалина ходоодны дөрөвдүгээр шатны хорт хавдартай гэж оношлогдсоны дараа бүжгийн хичээлдээ дахин орж эхэлжээ. Энэ талаар түүний найз залуу, бүжигчин Луис Сквиччиарини Instagram хуудсаараа дамжуулан мэдээлж, хосын нэг жил хагасын өмнө бүжиглэж буй бичлэгийг нийтэлсэн байна.
Луис хуучин бичлэгээ нийтэлж, Лерчекийн байдлыг ярив
Луисын нийтэлсэн бичлэгт Лерчек болон тэрээр сэтгэл хөдлөл ихтэй бүжиг хийж буй нь харагдана. Тэрээр уг бичлэгийг өвчин хүчтэй илрэхээс өмнөх үеийн дурсамж хэмээн тайлбарлажээ.
Луис бичихдээ: “Жил хагасын өмнө, өвдөлт ирэхээс өмнө чи ингэж бүжиглэдэг байсан. Бүжиг чамд үргэлж баяр баясал өгдөг байлаа. Жирэмсний долоо дахь сард өвдөлт хүчтэй болсон тул бид бүжиглэхээ больсон. Би чамайг хэдэн сарын турш гар дээрээ өргөж, шөнө бүр чамайг хэсэгхэн ч гэсэн унтуулахын тулд хоёр удаа хүчтэй тариа хийдэг байсан. Эмч нар төрсний дараа өвдөлт арилна гэж хэлсэн ч төрсний дараа биднийг аймшигтай онош хүлээж байсан” гэжээ.
Түүний хэлснээр, одоо Лерчект хөнгөн биеийн ачаалал, усанд сэлэлт болон бүжиг хийхийг зөвшөөрсөн байна.
Луис үргэлжлүүлэн: “Үүнийг мэдээд түүний нүд ямар их баяртай болсныг та нар харсан ч болоосой. Тэр тангод ямар их хайртай, хөгжимд ямар их дуртай гээч. Ийм урт завсарлагааны дараах анхны хичээл дээр түүний хөл чичирч, булчин нь сул, бараг хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Гэхдээ би түүнд намайг чанга тэвэрч, намайг өөрийн түшиг тулгуур болгохыг хүссэн. Бид бараг тэгээс эхэлсэн” хэмээн бичсэн байна.
Мөн тэрээр: “Тэр маш хүчтэй. Ийм оноштой байсан ч амьдрал үргэлжилдэг гэдгийг өөрийн жишээгээр харуулахыг хүсэж байна” гэж нэмжээ.
Сүлжээнд оношны талаар маргаан үргэлжилж байна
33 настай блогер бүсгүйн онош үнэн эсэх талаар олон нийтийн сүлжээнд маргаан тасрахгүй байгаа аж. Зарим хэрэглэгчид хорт хавдрын сүүлийн шаттай хүн шинэ гоо сайхны брэнд гаргаж, зураг авалтад оролцож, фитнес клубт явж байгаа нь ойлгомжгүй гэж үзэж байна.
Мөн зарим нь Лерчекийн өвчний түүхийг хорих ял авах эрсдэлээс зайлсхийх оролдлого байж магадгүй хэмээн сэжиглэжээ. Ялангуяа түүний Eyya skin брэндийг гаргасан явдал олон хүний эргэлзээг төрүүлсэн байна. Хэрэглэгчдийн үзэж буйгаар, амьдралын төлөө тэмцэж буй хүн гоо сайхны бүтээгдэхүүн борлуулах тухай бодож, химийн эмчилгээний хүнд өдрүүдийн хооронд дагагчидтайгаа идэвхтэй харилцах нь итгэл төрүүлэхгүй аж.
Оношоо дөрөв дэх хүүгээ төрүүлсний дараа мэджээ
Чекалина ходоодны хорт хавдрын сүүлийн шаттай гэдгээ дөрөв дэх хүү Даниэль төрсний дараа мэдсэн байна. Түүнийг төрөх эмнэлгээс шууд хавдрын эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн бөгөөд эмч нар блогерын биед үсэрхийлэл илрүүлжээ.
Одоогоор Лерчек улсын хавдрын төвд эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдээлэгдсэн байна. Эмчилгээний улмаас үс нь унаж эхэлсэн тул Чекалина үсээ хусахаас өөр аргагүй болсон аж.
Түүний найз залуу Луис Лерчекийн биеийн байдал өдөр ирэх тусам сайжирч байгаа гэж мэдэгдсээр байна.
Өвчний улмаас эрүүгийн хэргийг түр зогсоожээ
Лерчекийн өвчний улмаас шүүх түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг түр хугацаагаар зогсоосон байна. Түүнийг 250 сая гаруй рублийг хууль бусаар гадаад руу гаргасан хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.
Харин түүний хуучин нөхөр Артём Чекалин долоон жилийн хорих ял сонсжээ. Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, хуучин эхнэр нөхөр хоёр онлайн сургалт, фитнес марафоны борлуулалтаас мөнгө олж, улмаар хуурамч баримтаар тэдгээр хөрөнгийг Арабын Нэгдсэн Эмират руу шилжүүлсэн гэж үзэж байна.