Монголын “Хүннү рок”-ийг дэлхийд таниулсан хамтлаг ирэх наймдугаар сард бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ
Монголын тал нутгаас олон улсын хөгжмийн тайзанд гарч, “Хүннү рок” урсгалыг дэлхий дахинд тунхагласан “The Hu” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан хамтлагийнхан шинэ цомог, өвөрмөц уран бүтээлүүдээрээ сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар бэлтгэж байгаа ажээ. Мөн тэд ирэх наймдугаар сард бүрэн хэмжээний томоохон тоглолтоо толилуулахаар болсон байна.
“Hun” нэртэй шинэ цомгоо энэ зун гаргана
Тодруулбал, “The Hu” хамтлаг энэ зун “Hun” нэртэй шинэ цомгоо худалдаанд гаргаж, Улаанбаатар хотод хамгийн том шоу тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөжээ.
Цомгийн нээлтээс өмнө тэд “The men” болон “Warrior chant” нэртэй шинэ бүтээлүүдээ сонсогчдодоо хүргэсэн байна. Эдгээр дуу нь ердөө хоёр долоо хоногийн дотор стриминг платформууд дээр нэг саяас давсан хандалт авч, фенүүдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.
Хамтлагийн зүгээс “Hun” цомог албан ёсоор худалдаанд гарахаас өмнө сонсогчдодоо дахин хэд хэдэн шинэ уран бүтээл хүргэхээр төлөвлөж байгааг онцолжээ.
Дэлхий даяар 440 гаруй удаа тоглолт хийжээ
“The Hu” хамтлаг 2016 оноос өнөөг хүртэл дэлхийн олон оронд нийт 440 гаруй тоглолт хийсэн байна. Тэдний дуунууд стриминг платформууд дээр нийтдээ 900 сая орчим хандалт авчээ.
Энэ нь зөвхөн Монголын хөгжмийн салбарт төдийгүй Азийн уран бүтээлчдийн хувьд ч ховор тохиох өндөр амжилтад тооцогдож байна.
“Gereg” цомог Монголын хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээсэн
Тус хамтлаг 2019 онд анхны цомог болох “Gereg”-ээ гаргасан бөгөөд уг бүтээл нь Billboard-ын Hard Rock чартыг борлуулалтаараа тэргүүлж, Монголын хөгжмийн түүхэнд онцгой амжилт авчирсан юм.
Мөн тухайн онд “Yuve yuve yu”, “Wolf totem” зэрэг бүтээлүүд нь YouTube болон Billboard-ын рок дууны чартад зэрэг багтаж, олон улсын сонсогчдын анхаарлыг хүчтэй татсан билээ.
“Чингис хаан” одон хүртсэн анхны хамтлаг
Олон улсын тайзанд Монголын хөгжмийн өв соёл, үндэсний хөгжмийн өнгө төрхийг рок урсгалтай хослуулан амжилттай таниулсан эдгээр амжилтаараа “The Hu” хамтлаг тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн анхны хамтлаг болсон түүхтэй.
Ийнхүү 10 жилийн ойгоо угтаж буй “The Hu” хамтлаг шинэ цомог, шинэ бүтээлүүд болон ирэх наймдугаар сард болох томоохон тоглолтоороо Монголын хөгжмийн салбарын энэ оны хамгийн онцлох үйл явдлуудын нэгийг бүтээхээр зэхэж байна.