Бараг таван жил үргэлжилсэн тэмцлийн дараа шинжилгээний хариу эерэг гарчээ
Алдарт жүжигчин Сэм Нилл гуравдугаар шатны цусны хорт хавдартай олон жил тэмцсэний эцэст бүрэн эдгэрснээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр Австралийн “7News” телевизэд өгсөн ярилцлагадаа сүүлийн шинжилгээгээр “Биед нь ямар ч хавдар үлдээгүй” гэсэн хариу гарсныг дуулгасан байна.
Жүжигчин өмнө нь лимфомын нэг төрөл болох Т эсийн лимфоматай гэж оношлогдож, удаан хугацаанд хими эмчилгээ хийлгэж байжээ. Гэвч тодорхой хугацааны дараа эмчилгээ үр дүнгээ өгөхөө больж, өвчний байдал хүндрэх шинжтэй болсон байна.
Ийм үед Сэм Нилл CAR T-cell therapy хэмээх шинэ төрлийн дархлааны эмчилгээний туршилтад хамрагджээ. Энэхүү арга нь хүний дархлааны эсийг өөрчлөн, хавдрын эсүүдийг илрүүлж устгахад чиглэсэн орчин үеийн дэвшилтэт эмчилгээ юм.
Шинжилгээний хариугаа авсны дараа Нилл “Одоо миний биед ямар ч хавдар алга. Ийм зүйл тохиолдож болдогт үнэхээр баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Жүжигчин дахин кинонд тоглох хүсэлтэй байна
“Jurassic Park” цувралын доктор Алан Грантын дүрээр дэлхий дахинд танигдсан Сэм Нилл эрүүл мэнд нь сайжирсантай холбоотойгоор уран бүтээлдээ эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Одоо дахин нэг кино хийх цаг болсон байх” хэмээн хэлжээ.
Мөн жүжигчин CAR T-cell therapy эмчилгээг Австрали даяар илүү өргөн хүрээнд нэвтрүүлэхийг уриалсан байна. Одоогоор уг эмчилгээг зөвхөн тодорхой эмнэлгүүдэд, тодорхой төрлийн хавдартай өвчтөнүүдэд хийдэг аж. Харин хувийн эмнэлэгт нэг өвчтөнд хийх өртөг нь 600 мянган австрали доллароос давдаг байна.
Сэм Нилл 2023 онд өөрийн оношийг олон нийтэд анх зарласан юм. Түүнд 2022 онд “Jurassic World Dominion” киноны сурталчилгааны үеэр анхны шинж тэмдэг илэрч, хүзүүний булчирхай нь хавдаж эхэлсэн байжээ.
1 comment
Ийм хүнд өвчнийг давна гэдэг үнэхээр хүчтэй хүн юм аа