“Hit Me Hard and Soft” аялан тоглолтын бичлэгийг 3D хэлбэрээр бүтээжээ
Дэлхийн хөгжмийн ертөнцийн томоохон од Billie Eilish болон кино урлагийн нэрт найруулагч James Cameron нар хамтран дуучны өнгөрсөн жил Manchester хотод хийсэн тоглолтыг 3D кино болгожээ.
“Billie Eilish – Hit Me Hard and Soft: The Tour (Live in 3D)” нэртэй уг бүтээл тавдугаар сарын 8-нд дэлхий даяар нээлтээ хийхээр болсон байна. Харин дөрөвдүгээр сарын 29-нд London хотод шүүмжлэгч, найруулагч, судлаач, сэтгүүлч зэрэг тусгай зочдод зориулсан урьдчилсан үзвэрийг зохион байгуулжээ.
Billie Eilish энэхүү киног өнгөрсөн жилийн тоглолтыг нь биечлэн үзэж чадаагүй фенүүддээ зориулсан бэлэг болгон бүтээсэн байна.
“Titanic”, “Avatar” зэрэг бүтээлээрээ дэлхийн кино урлагт онцгой байр суурь эзэлсэн James Cameron дуучны “Hit Me Hard And Soft” аялан тоглолтын Manchester дахь тоглолтыг дөрвөн шөнийн турш 3D камераар бичиж авчээ. Ингэснээр үзэгчид Billie Eilish-ийн амьд тоглолтын уур амьсгалыг илүү бодитоор мэдрэх боломжтой болох юм.
Billie Eilish Manchester-ийн фенүүддээ талархал илэрхийлэв
London хотод болсон урьдчилсан тусгай үзвэрийн үеэр Billie Eilish “Манчестер хот дахь фенүүд миний хамгийн дуртай фенүүдийн нэг. Би Манчестер хотынхонд маш их хайртай” хэмээн хэлсэн байна.
Тус киног Billie Eilish болон James Cameron нар хамтран найруулсан бөгөөд мөн өөрсдөө продюсероор нь ажиллажээ.
