Жүжигчин ойрын хугацаанд харилцаа эхлүүлэх бодолгүй байна
Charlize Theron болзоонд явахаас татгалзаж, ойрын үед шинэ харилцаа эхлүүлэх төлөвлөгөөгүй гэдгээ ярьжээ. 50 настай жүжигчин “The Drew Barrymore Show”-д оролцох үеэрээ одоогийн амьдралдаа хүүхдүүдээ нэн тэргүүнд тавьж байгаа тул хайр дурлалд цаг зарцуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр “Би дахиж хэзээ нэгэн цагт хэн нэгэнтэй хамт амьдарч чадна гэж бодохгүй байна. Магадгүй энэ нь охид маань одоо хүртэл надтай хамт амьдардагтай холбоотой байх. Хүүхдүүд өсөж том болоод тусдаа гарах үед энэ өөрчлөгдөж магадгүй” гэж хэлжээ.
Theron-ы хэлснээр, одоо түүний хувьд хамгийн чухал зүйл бол хүүхдүүд нь юм. Тиймээс тэрээр романтик харилцаанд хүч, цаг зарцуулахыг хүсэхгүй байгаа аж. Гэхдээ охид нь ээжийгээ эсрэгээрээ болзоонд явахыг дэмждэг байна.
Жүжигчин энэ тухай “Миний хүүхдүүд одоо миний хэн нэгэнтэй болзож байгаад үнэхээр дуртай насан дээрээ байна. Учир нь тэд үүнд оролцохыг хүсдэг. Өмнө нь би тэднийг айчих вий гэж санаа зовдог байсан нь инээдтэй. Харин одоо тэд ‘Ээж ээ, тэр чам руу бичиж байна уу? Алив ээ, ээж ээ, болзоонд яв л даа’ гэж асуудаг” хэмээн ярьжээ.
Хүүхдүүд, өнгөрсөн амьдрал ба хувийн сонголт
Charlize Theron хоёр өргөмөл хүүхэд өсгөдөг. Түүний 13 настай Jackson төрөхдөө хүү байсан ч өөрийгөө охин гэж тодорхойлдог бөгөөд 11 настай August охинтой. Жүжигчин охидоо жүжигчин Sean Penn-тэй үерхэж байх үедээ өргөж авсан юм.
Тухайн үед Theron, Penn нар сүй тавьсан байж магадгүй гэх цуурхал гарч байсан ч 2015 онд хос салсан нь тодорхой болсон. Penn-ээс хойш Charlize Theron олон нийтэд мэдэгдсэн ноцтой харилцаа эхлүүлээгүй байна. Гэсэн ч жүжигчин эрчүүдтэй цагийг өнгөрөөдөг, мөн болзооны апп ашигладаг тухай мэдээлэл гарч байв.
Өмнө нь Theron одоогийн байдлаар ноцтой харилцаанаас илүү нэг шөнийн харилцааг илүүд үздэг гэдгээ ч нээлттэй хэлж байсан юм.
Саяхан жүжигчин өөрийн өнгөрсөн амьдралын хамгийн хүнд сэдвийн нэгийг дахин олон нийтэд дурсжээ. The New York Times-д өгсөн ярилцлагадаа тэрээр ээж Gerda Theron нь согтуу нөхөр нь өөрийг нь болон охиноо ална гэж заналхийлсний дараа нөхрөө буудан хөнөөсөн тухай ярьсан байна.
Аав нь нас барсны дараа ээж нь Charlize-оос болсон явдлыг мартаж, “цааш амьдрахыг” хүсжээ. Theron ч тэгж амьдарсан байна. Тэрээр танилууддаа аавыгаа онгоцны ослоор нас барсан гэж хэлдэг байсан бөгөөд жилийн дараа Өмнөд Африкаас Итали руу нүүж, загвар өмсөгчийн карьераа эхлүүлжээ.