Жүжигчин сошиалаас алга болсон шалтгаанаа тайлбарлав
“Saltburn”, “Dunkirk”, “The Banshees of Inisherin” зэрэг бүтээлээр танигдсан жүжигчин Barry Keoghan экс найз бүсгүй Sabrina Carpenter-тэй холбоотой, түүнийг араар тавьсан гэх цуурхлын талаар анх удаа нээлттэй ярьжээ. 33 настай жүжигчин Benny Blanco-гийн “Friends Keep Secrets” подкастад оролцохдоо эдгээр буруутгалууд түүнийг сошиал орчноос холдож, олон нийтийн арга хэмжээнээс татгалзахад хүргэсэн гэж хэлсэн байна.
Barry Keoghan “Би Instagram* ашиглахаа больсон, арга хэмжээнд очихоо больсон, хүмүүстэй харилцахаа ч багасгасан. Учир нь цахим орчинд худал мэдээлэл тарааж байсан” гэж ярьжээ. Тэрээр мөн “Би энэ талаар хэзээ ч юу ч батлаагүй, тайлбар хийгээгүй. Зүгээр л алга болсон” хэмээн нэмж хэлсэн байна.
Түүнээс шууд “Энэ араар тавьсан гэх ярианаас болсон уу?” гэж асуухад Barry “Тийм, үүнээс болсон. Би бусдыг үүнд татан оролцуулахыг хүсэхгүй байна. Гэхдээ харамсалтай нь харилцаа олон нийтийн нүдэн дээр байвал тэр нь олон нийтийн өмч шиг болчихдог” гэж хариулжээ.
Жүжигчин цуурхлыг няцаахдаа “Нэг охин түүний араар тавьсан тухай видео хийсэн, дараа нь өөр нэг нь адилхан видео хийж, үүнийг зохиосондоо уучлалт гуйсан. Гэхдээ үүнийг хэн ч анзаараагүй бололтой” гэж хэлсэн байна. Ингэхдээ тэрээр өөртэй нь нэр холбогдсон блогер Breckie Hill-ийн бичлэгийг хэлсэн бололтой. Ийнхүү Barry Keoghan 26 настай экс найз бүсгүй Sabrina Carpenter-т үнэнч бус байсан гэх яриаг үгүйсгэжээ.
Breckie Hill мөн цуурхлыг няцааж байсан
Тухайн үед Breckie Hill өөрөө видео бичлэг нийтэлж, Barry Keoghan-тэй холбоотой бүх мэдээллийг эрс няцааж байв. Тэрээр “Би энэ хүнтэй амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй. Түүнийг харсан цорын ганц удаа бол ‘Saltburn’-ийг зурагтаар үзэх үед байсан” гэж хэлжээ.
Мөн блогер “Надад өөрт минь олон удаа араар тавьж байсан. Тиймээс би хэзээ ч хэн нэгний харилцааг сүйтгэж, өөр нэг эмэгтэйд ийм өвдөлт учруулахгүй” гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч цахим орчинд Breckie Hill болон Barry Keoghan нарыг Hollywood-ийн нэгэн зочид буудалд хамт харсан гэх мэдээлэл тархаж байсан юм.
Sabrina Carpenter болон Barry Keoghan нар 2023 оны арванхоёрдугаар сард болзож эхэлсэн. Харин 2024 оны наймдугаар сар гэхэд тэдний харилцаа асуудалтай болсон гэх цуурхал гарч эхэлжээ. Зарим эх сурвалж үүнийг Sabrina-гийн карьер огцом өсөж, хувийн амьдралдаа цаг гаргах боломж багассантай холбон тайлбарлаж байсан. Гэвч үүнтэй зэрэгцэн Barry Keoghan-ы үнэнч бус байдлын тухай яриа интернэтээр тархсан байна.
Хос 2024 оны арванхоёрдугаар сард салжээ. Үүний дараа Sabrina Carpenter-ийн зарим фэн Barry-г цахимаар хавчиж, хар тамхины хамааралтай байсан ээжийнх нь талаар доромжилсон сэтгэгдэл бичиж, бүр эмээгийнх нь гэрийн хаягийг хүртэл олсон гэх мэдээлэл гарсан юм.
Тухайн үед Barry олон нийтэд хандан “Би өдөр бүр илүү сайн, илүү хүчтэй хүн болохыг, хүүгийнхээ төлөө эрүүл мэнддээ анхаарахыг хичээдэг. Би түүнд суралцах, алдаа гаргах, өсөж хөгжих боломж байгаасай гэж хүсдэг. Үүний зэрэгцээ би түүнийг надаар үлгэрлэж, надад итгэж, юу ч болсон би үргэлж түүний талд байна гэдгийг мэддэг байгаасай гэж хүсэж байна. Тэр том болоод энэ бүхнийг уншина гэдгийг битгий мартаарай. Гуйя, болгоомжтой, мэдрэмжтэй байгаарай” гэж хэлж байв.
Олон хүн Barry Keoghan-ы гадаад төрх рүү чиглэсэн цахим дайралтыг Sabrina-гийн фенүүдтэй холбон үздэг. Учир нь түүнийг шүүмжилсэн давлагаа дуучнаас салсны дараах үед хамгийн хүчтэй өрнөсөн байна. Энэ оны эхээр зарим хэрэглэгч Barry-гийн төрх нэлээд өөрчлөгдсөнийг анзаарч, эрүү нь илүү хурц, хацрын яс нь тод, уруул нь илүү дүүрэн болсон гэж бичсэн. Үүнээс болж жүжигчин филлер хийлгэсэн байж магадгүй гэх яриа ч гарчээ.
Sabrina Carpenter-тэй харилцаа эхлүүлэхээс өмнө Barry Keoghan хэдэн жилийн турш Alyson Sandro-той үерхэж байсан. Alyson 2022 онд түүнд Brando нэртэй хүү төрүүлсэн юм. Мөн зарим мэдээллээр Barry тухайн үед Sabrina-гийн төлөө Alyson-оос салсан гэж яригддаг.