Макаогийн концертын дараа маргаан дэгдэв
“BIGBANG” хамтлагийн ахлагч, K-pop ертөнцийн “хаан” гэгддэг G-Dragon тайзан дээр өмссөн футболкноосоо болж олон улсын фенүүдийн шүүмжлэлтэй нүүр туллаа. Түүний агентлаг “Galaxy Corporation” өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 4-нд уг асуудлаар албан ёсоор уучлалт гуйсан байна.
G-Dragon тавдугаар сарын 2-нд Макаод зохион байгуулагдсан “K-SPARK” K-pop концертод оролцсон бөгөөд тухайн үеэр өмссөн футболк нь маргааны гол шалтгаан болжээ. Футболк дээр Нидерланд хэлээр бичсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утгатай үг хэллэг байсан гэж олон нийт шүүмжилсэн байна.
Энэхүү хувцасны зураг, бичлэг сошиал орчинд тархсаны дараа дэлхий даяарх фенүүдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл гарч, G-Dragon болон түүний багийнхныг соёлын мэдрэмжгүй хандсан гэж буруутгажээ.
“Galaxy Corporation” албан ёсоор уучлалт гуйлаа
Шүүмжлэл үргэлжилж буй энэ үед G-Dragon-ы агентлаг болох “Galaxy Corporation” мэдэгдэл гаргаж, “Нийгэм, соёлын хүрээнд зохисгүй үг хэллэг харуулсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн олон нийтээс хүлцэл өчсөн байна.
Мөн тус агентлаг уг явдалд хариуцлагатай хандаж буйгаа илэрхийлэн, “Энэ явдлаар дамжуулан бид илүү нямбай соёлын мэдрэмж, хариуцлагатай байх ач холбогдлыг дахин нэг удаа ойлгосон” гэж мэдэгджээ.
G-Dragon олон улсад асар их нөлөөтэй уран бүтээлчдийн нэг тул түүний тайзан дээрх хувцаслалт хүртэл олон нийтийн анхаарлын төвд ордог. Энэ удаагийн маргаан нь алдартнууд болон тэдний багийнхан дэлхийн соёл, хэл, тэмдэглэгээний утга агуулгад илүү болгоомжтой хандах шаардлагатайг дахин сануулсан үйл явдал болов.
Одоогоор G-Dragon өөрийн биеэр тус маргааны талаар нэмэлт тайлбар хийгээгүй байна.