“Perfect Crown” драмыг тойрсон шүүмжлэл намжаагүй хэвээр байгаа бөгөөд гол дүрийн жүжигчин Byeon Woo Seok-той холбоотой төлөвлөсөн фэн арга хэмжээ ч тодорхойгүй байдалд оржээ.
Мэдээллээр Byeon Woo Seok-ийн харьяалагддаг Varo Entertainment агентлаг драмын төгсгөлийн дараа албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан фэнүүдтэй асуулт, хариултын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан байна. Гэвч цувралыг тойрсон маргаан хүчтэй өрнөх болсноор тус арга хэмжээ одоогоор “хэлэлцэгдэж байгаа” бөгөөд эцэслэн батлагдаагүй гэж агентлаг мэдэгджээ.
Драма дууссаны дараа Byeon Woo Seok уламжлалт төгсгөлийн ярилцлагад оролцохын оронд бичгээр уучлалт илэрхийлсэн байна.
Түүх гуйвуулсан гэх шүүмжлэл нэмэгдэв
“Perfect Crown” анх хүчирхэг жүжигчдийн бүрэлдэхүүн, Disney Plus дээрх олон улсын амжилтаараа энэ оны хамгийн их хүлээлт үүсгэсэн Солонгос драмуудын нэг болсон. Гэвч цувралын хоёрдугаар хагаст шүүмжлэл огцом нэмэгдэж, үзэгчид хааны ёс заншил, нэр томьёо, түүхэн дүрслэлтэй холбоотой асуудлаар Солонгосын түүхийг гуйвуулсан гэж буруутгаж эхэлжээ.
Зарим шүүмжлэгчийн үзэж буйгаар тодорхой хэсгүүд нь гадаадын үзэгчдэд Солонгосын түүхийн талаар буруу ойлголт төрүүлэх эрсдэлтэй байжээ. Солонгосын түүхийн алдарт багш Choi Tae Sung мөн уг бүтээлийг шүүмжилж, продакшны баг “жүжигчдийн асар өндөр цалинд анхаарсан хэрнээ түүхийн судалгааг хангалттай хийсэнгүй” гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Маргаан цаашид улам өргөжсөн шалтгаануудын нэг нь зохиолч Yoo Ji Won одоог хүртэл олон нийтэд тайлбар хийгээгүй явдал аж. Зарим цахим хэрэглэгч бүр драмыг бүрэн цуцлах ёстой гэж шаардаж эхэлжээ.
Үзэгчид Солонгосын Үндэсний Ассамблейн Соёлын хорооны гишүүдэд бүлгийн гомдлын имэйл илгээж эхэлсэн гэж мэдээлэгдсэн байна. Мөн кибер дипломат байгууллага VANK Disney Plus-д засвар оруулах хүсэлт тавьжээ.
Одоогийн нөхцөл байдлыг 2021 онд SBS-ийн “Joseon Exorcist” драмын дуулиантай харьцуулж байна. Тухайн үед түүх гуйвуулсан гэх шүүмжлэл болон Хятадын хэв маягийн эд хэрэглэл ашигласан гэх маргаанаас болж уг драма ердөө хоёр ангийн дараа цуцлагдсан юм.
Салбарын ажиглагчдын үзэж буйгаар “Perfect Crown”-ы нөхцөл байдал илүү өргөн үр дагаварт хүрч болзошгүй. Учир нь уг бүтээл Disney Plus-ээр дэлхий даяар зэрэг цацагдсан тул маргаан олон улсын хэмжээнд бодит цагийн горимоор тархаж байна.
Дотоодын стриминг болон VOD платформуудаас зарим маргаантай хэсгийг засварласан эсвэл устгасан гэх мэдээлэл гарсан ч Disney Plus-ийн олон улсын хувилбар одоогоор шинэчлэгдээгүй гэж мэдээлжээ.
Найруулагч Park Joon Hwa тайлбар хийв
Маргаан улам хурцадсан энэ үед найруулагч Park Joon Hwa тавдугаар сарын 19-нд олон нийтэд тайлбар хийсэн байна.
Тэрээр “Perfect Crown” Хятадын хөрөнгө, нөлөөлөлтэй холбоотой байж магадгүй гэх сэжигт хариулахдаа:
“Үндсэн санаа нь Жусон гүрэн одоо хүртэл оршин тогтнож байгаа гэсэн төсөөлөл байсан. Тухайн үеийн зовлонт түүхээс цааш, Жусон улс 600 жил оршин тогтносон гэсэн санаа байлаа. Үйл явдал хааны гэр бүл дээр төвлөрсөн боловч Жусон одоо ч тусгаар улс хэвээр байгаа гэдгийг би тодорхой харуулж чадсангүй гэж бодож байна. Энэ бол миний алдаа, би одоо ч харамсаж, уучлалт мэдэрч байна”
хэмээн хэлжээ.
Мөн хааны титэм болон “Cheonse” гэх хэллэгтэй холбоотой маргаантай хэсгүүд дээр түүхийн мэргэжилтнээс зөвлөгөө авсан эсэхийг асуухад Park Joon Hwa:
“Бид түүхийн зөвлөхтэй ажилласан. Одоо эргээд харахад яагаад тэгж болсон юм бол гэдгийг би сайн мэдэхгүй байна. Драма Жусон гүрэн одоо хүртэл оршиж байгаа ертөнцөд өрнөх учраас хааны гэр бүлийг яаж дүрслэх ёстой талаар зөвлөхөөс асуусан. Хаан ширээнд залах ёслолын хэсэг тэр үйл явцаас гарсан. Бид тэр санаанд хэт автсан гэж бодож байна”
гэж хариулжээ.
Тэрээр цааш нь:
“Бид Жусоны хааны гэр бүлийг тодорхой байдлаар дүрслэхэд хэт төвлөрсөн. ‘Cheonse’ гэх нэр томьёо, ёслолын зан үйл, мөн ‘Jaesanho’-гоор эхэлдэг мөр зэрэг нь бидэнд ч танил бус байсан. Манай зөвлөх Жусоны хаан ширээнд залах ёслолд хэрэглэгддэг хааны титмийн хэв маягийг тайлбарласан боловч бид Жусоныг Хятадын дарлал дор байсан мэтээр дүрслэх ямар ч санаа агуулаагүй. Тиймээс би үүнийг ‘мэдлэггүй байдал’ гэж нэрлэсэн. Хаан ширээнд залах ёслолын түүхэн нарийн зүйлд л анхаарснаас бус, хааныг тусгаар улсын захирагч гэж хангалттай харуулахад илүү хичээгээгүйдээ харамсаж байна”
хэмээн тайлбарласан байна.
Энэ бүхний зэрэгцээ Byeon Woo Seok маргаан эхэлснээс хойш анхны албан ёсны олон нийтийн арга хэмжээнд оролцохоор байна. Тэрээр мөн өдөр “Jae-seok’s B&B Rules!” төслийн хэвлэлийн арга хэмжээнд оролцох төлөвтэй гэж мэдээлжээ.