Испанийн дээд шүүх Колумбын дуучин Шакиратай холбоотой олон жил үргэлжилсэн татварын маргаанд түүний талд шийдвэр гаргаж, өмнө нь хураасан 55 сая евро буюу ойролцоогоор 64 сая ам.долларын торгуулийг хүүгийн хамт буцаан төлөхийг тус улсын засгийн газарт үүрэг болгожээ.
Шакираг Испанийн эрх баригчид 2011 онд тус улсад оршин сууж байхдаа олсон орлогоосоо татвар төлөөгүй гэж буруутгаж байсан. Харин шүүх тухайн үед дуучин бүсгүй Испанийн татварын оршин суугч байгаагүй гэж үзсэн байна.
Испанийн хуулиар тухайн хүн нэг жилийн дотор тус улсад 183 хоногоос дээш хугацаагаар амьдарсан тохиолдолд татварын оршин суугч гэж тооцогддог. Гэвч засгийн газар Шакираг Испанид 163 хоног байсан гэдгийг л нотолж чадсан гэж шүүх дүгнэжээ.
Испанийн тал Шакираг тухайн үед Испанийн хөлбөмбөгчин асан Жерард Пикетэй хамт амьдарч байсан тул Испанид татвар төлөх ёстой гэж маргаж байсан. Гэвч дээд шүүх Пике, Шакира нарын хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах боломжгүй бөгөөд 2011 онд Шакирагийн гол ажил, амьдрал Испанид төвлөрч байсан нь хангалттай нотлогдоогүй гэж үзсэн байна.
Шакирагийн өмгөөлөгч Хосе Луйс Прада шүүхийн шийдвэрийн дараа:
“Энэхүү шийдвэр нь найман жил үргэлжилсэн хүнд хэцүү сорилтын дараа гарч байгаа бөгөөд засаг захиргааны үйл ажиллагаанд хатуу хяналт дутагдаж байгааг харууллаа”
хэмээн мэдэгджээ.
Испани алдартнуудын татварын хэрэгт хатуу ханддаг
Испанийн эрх баригчид сүүлийн арван жилийн хугацаанд тус улсад амьдарч байсан гадаадын урлаг, спортын алдартнуудтай холбоотой татварын асуудлыг идэвхтэй шалгаж ирсэн.
Өмнө нь Лионел Месси, Кристиано Рональдо зэрэг алдартай хөлбөмбөгчид татвараа бүрэн төлөөгүй гэх хэрэгт буруутгагдаж байв. Гэхдээ Испанийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр жил хүртэлх хорих ялыг ихэвчлэн биечлэн эдлүүлдэггүй тул тэд шоронд хоригдохоос зайлсхийж байсан юм.
Шакирагийн хувьд энэ шийдвэр нь олон жил үргэлжилсэн маргааны томоохон эргэлт болж, Испанийн засгийн газар түүнээс хураасан их хэмжээний мөнгийг буцаан төлөхөөр боллоо.